Ерөнхийлөгч рүү гутал шиджээ

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Ираны Ерөнхийлөгч Хассан Роухани Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр үг хэлсэн билээ. Тэрээр цөмийн зэвсгийн асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн буйгаа мэдэгдсэн юм. Харин өнгөрсөн баасан гаригт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обаматай утсаар холбогдсон. Энэ нь 1979 онд Иранд лалын хувьсгал гарснаас хойш хоёр орны төрийн тэргүүн утсаар ярьсан анхны тохиолдол болсон юм. Энэ талаар орон нутгийн төдийгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүхэн үйл явдал боллоо хэмээн тодотгож байв. Х.Роухани болон Б.Обама нар утсаар 15 минут ярилцсан аж. Харин Ираны зарим иргэд үүнийг сайшаан хүлээн авсан бол зарим нь шүүмжлэлтэй ханджээ. Ираны Ерөнхийлөгч Х.Роухани эх орондоо буцан очих үед хэдэн зуун хүн онгоцны буудал дээр тосон угтсан аж. Тэрбээр онгоцны буудалд газардах үедээ ард иргэддээ мэндчилэх үеэр зарим радикал үзэлтнүүд эсэргүүцлээ илэрхийлэн гутал, өндөг шидэн, доромжлолын үг хаяж байсан гэнэ. Тэд төрийн тэргүүнээ Вашингтонтой үгсэн тохиролцож, лалын шашинт улсынхаа зарчмыг улан дороо гишгэлээ хэмээн буруутгасан байна. Харин Х.Роуханиг дэмжигчид Ерөнхийлөгчийнхөө уг алхмыг талархалтайгаар хүлээн авчээ.

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)