Дэлхийн индэр дээрх жижигхэн ерөнхийлөгч

-НҮБ-ын гишүүн орнуудын лидерүүд Америкийн аугаа байдал бий болоосой хэмээн хүсч байна-
  Дэлхий дахин урьдын Америкийг санагалзаж байна гэнэ. Сүүлийн арван жилийн хямралуудын өмнөх үеийн Америк тэдний сэтгэл зүрхэнд хоногшсоор байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар хэлэлцсэн харилцан ярианы гол санаа нь ийм байлаа. Өнөөгийн Америкийг шүүмжлэгчид тэртээх 10 жилийн өмнөх үеийн Америкийн хөгжил цэцэглэлт, өндөр стандарт, чадварлаг удирдлага зэргийг олон жилийн турш өөрсөдтэйгөө харьцуулж, үлгэр жишээ аван мөн адилхан байхын төлөө мэрийдэг байсан “сайхан үеэ” эргэн дурсацгаасан байна. Америк дахин хүчирхэг гүрэн болж чадах болов уу. Энэ талаар хэлэлцсэн чуулганы уур амьсгалаас сонирхуулья. Өнөөдөр бид Америктай хэрхэн харилцахаа мэдэхгүй тийм л ертөнцөд амьдарч байна. Бараг л Ерөнхийлөгчөөс нь болоод. “Америк удирдагчийн дүрийг өөртөө аваасай гэж бид хүсч байна” гэж АНУ-ын гол холбоотнуудын нэг, дипломат төлөөлөгч гишүүн орнуудын нэг мэдэгдсэн юм. Түүний эл мэдэгдэл яг л хуучин андаа санан дурссан мэт өнгө аястай байжээ. “Өнгөрсөн үед бид Америкийг хамгийн шилдэг нь гэж харж байсан. Гэтэл одоо Америк дэндүү шийдэмгий бус мэт харагдаж байна” гэж барууны ардчилсан орнуудын нэгнийх нь Ерөнхий сайд онцлов. Тэрбээр Америкийн зөвхөн гадаад улстөрийг ч бус эдийн засгийн улстөрийн хүрээг хамруулан хэлсэн нь илт байсан. Түүнийхээр Америкийн өмнөх эдийн засгийн хөдөлгөгч хүчин, баялаг, тогтвортой байдалд тэмүүлсэн уйгагүй зүтгэл зэрэг нь үгүйлэгдэж байгаа бололтой. Тэрбээр өмнөх хүчирхэг Америк дахин бий болох ёстой гэсэн найдвараа алдаагүй байгаагаа ч онцолжээ. Түүний санаа зовниж буйгаар гол асуудал зөвхөн улстөрийн эрсдэл бус нийгмийн эрсдэлд ч хамаарч байгаа аж. Баялгийг хүн төрөлхтөн бүтээх ёстой. Эд баялаг бол цаанаасаа өгөгддөг зүйл биш. Түүнийг ёстой зүйл мэтээр хүлээн авч болохгүй. Нөхцөл байдал хэрхэн хурдан өөрчлөгдөж болохыг санхүүгийн хямрал бидэнд тод харуулсан. Америкийг дэлхийн хүчирхэг гүрэн байлгасан хүчин зүйлс шавхагдашгүй байхаас гадна алсын хараатай, цаг улирах тусам хүчээ нэмэгдүүлдэг байх ёстой гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы бас нэгэн хөндүүр сэдэв нь Америкийн Ерөнхийлөгчид сэтгэл дундуур байгаа хандлага байсан юм. Барак Обамагийн нэр хүнд дэлхийн лидер орнуудын хувьд эрс буурсан төдийгүй түүний эрх мэдэл бүр ч байхгүй болсон гэнэ. Түүний удирдах арга барил ч дипломат хүрээнд нөлөөлөлгүй болж эхэлсэн. Энэ талаар Ерөнхий Ассамблейн чуулганаар нээлттэй хэлэлцсэн нь түүний нөлөөлөл бараг байхгүй, дэлхий дахин цаашид түүнээс хамааралгүй болох боломжтой гэсэн аюулыг давхар илэрхийлж байсан юм. Нэн ялангуяа Сирийн хямралыг шийдвэрлэх гэсэн Обамагийн арга барил оновчгүй байсан нь үүний тод илрэл болжээ. Нэгэнтээ л улаан шугам татаад түүнийгээ алхаж гарсныхаа дараа хэлбэлзэн дайвалзаж, шийдвэрээсээ буцаж, үүнийгээ дипломат ёс хэмээн нэрлэвэл дэлхий дахин энэ байдлыг анзаараагүй мэт өнгөрөхгүй нь лав. Энэ алхмын дүгнэлтүүд ямар байх вэ. Америк өнөөдрийн байдлаар яг л ийм байдалд оршиж байна. Гэхдээ энд Обамагаас их зүйл шалтгаалсан.
   Обама стратегийн ямар зорилтууд мөрдөж байгааг дэлхийн лидерүүд ойлгохгүй байна. Тэд Обамагийн эрс шийдэмгий байдал, асуудал шийдвэрлэх чадварт эргэлзэж эхэлжээ. Түүнийг өөртөө итгэлгүй зантай удирдагч хэмээн тодорхойлж байгаа аж. Гэхдээ энэ байдлаа чанга, шийдэмгий ярьдаг арга барилаараа нуухыг хичээдэг хэмээн дүгнэсэн байна. Чуулганд оролцсон Америкийн нэг дипломат Обамаг гадаад улстөрийн тоглогч гэдгээр нэлээд хатуухан шүүмжилжээ. Тэрбээр, Дэлхийн лидерүүд Обамад таагүй хандлагатай болсон. Тэд Обамагаас хамаараад байх зүйлгүй болсныг ойлгож, түүнд сэтгэл татагдахаа больсон. Баруун европчууд ч Обамаг нэг их ойшоохоо больсон гэжээ. Энэхүү дипломат нь чуулганы үеэр Ираны шинэ Ерөнхийлөгч Хасан Руханитай уулзсан Америкийн гадаад улстөрийн шинжээчдийн нэг байсан аж. Хасан Рухани Америкийн Ерөнхийлөгчийн талаар ямар сэтгэгдэлтэй байсан бол. Хасан Рухани нэг удаа ч болов Обамагийн нэрийг дурдаагүй. “АНУ-ын Ерөнхийлөгч одоогийн байдлаар бараг туслах жүжигчний дүрд тоглож байгаа мэт байна. Харин Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үүргээ сайн гүйцэтгэж байгаа” гэж дипломат онцолсон байна. Мөн тэрбээр АНУ- ын өмнөх Ерөнхийлөгч нарт иймэрхүү байдлаар хандаж байсан эсэх талаар дүгнэхдээ, “Би ийм хандлагыг өмнө нь хэзээ ч харж байгаагүй. Тиймдээ ч маш ер бусын, нэг л хэвшмэл бус санагдсан” гэжээ. Харин Обамагийн стратегийн тухайд, “Тэр цаашид юу хийхээ мэддэггүй. Тийм ч болохоор ямар нэг асуудалд орооцолдохыг хүсдэггүй бөгөөд сайн зүйл болоосой гэж найдсаар суудаг. Гэвч түүний хувьд итгэл найдвар бараг л үлдэхгүй нь” гэсэн байна.
   Барак Обама Ерөнхий Ассамблейн гишүүдийн өмнө гарч үг хэлэх үедээ эхлээд их л өөртөө итгэлтэй, аугаа мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэвч тун удалгүй хурлын оролцогчдод түүний ярианы хэв маяг ердөө л өмнөх яриануудаа сайжруулан давтсан, театрчилсан тоглолт мэт санагдах болсон аж. Обамад өмнө нь энэ яриагаараа эдгээр хүмүүсийг байлдан дагуулж явсан үе бий. Гэвч түүний энэ яриа одоо улиг болжээ. Түүнийг үг хэлэх үеэр зарим төлөөлөгч илт залхсан байдалтай байсан бол зарим нь түүний яриаг огт анхаарахгүй байсан төдийгүй ямар нэг чухал орчинд байгаагаа ч умартсан мэт байсан аж. Обама Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хөндөхдөө, Бид энэ асуудлаар шийдвэртэй алхам хийж, нэгдсэн зөвшилцөлд хүрэх ёстой. Илүү эерэг уур амьсгал ч мэдрэгдэх болсон. Энэ чиглэлийн ажлаа үргэлжлүүлэх үүрэг даалгаврыг Жон Керрид өгсөн гэсэн байна. Обамагийн талынхан Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Обама, Рухани нарын уулзалт болж болзошгүй талаар өмнө нь мэдээлж байсан. Гэвч ийм уулзалт болоогүй нь Америкийн Ерөнхийлөгчийг дорд үзсэн мэт сэтгэгдлийг олон хүнд төрүүлжээ. Дэлхий дахин ч ийм л байдлаар ойлгосон болов уу. Ноён Рухани АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаагүй хэрнээ бусад орны дипломат, бизнесменүүдтэй уулзсан төдийгүй сэтгүүлчдэд ч ярилцлага өгөөд амжсан байгаа юм. Мөн Иран-Америкийн харилцааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн аж. Тэрбээр бодит бөгөөд ухаалаг зүйлс ярьж байсан тул өндөр боловсролтой, бусдаас дээгүүр хүн болох нь илт мэдэгдэж байсныг сэтгүүлчид онцолсон байдаг. Түүнээс гадна нэлээд шаргуу бас тэрүүхэндээ зальжин зантай байж магадгүй гэж зарим нь дүгнэсэн байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)