Их Британи Европын холбооноос татгалзах уу


Дэлхийн сан- хүүгийн хямрал Европын хол- бооны ирээдүйг бүр- хэгдүүлсэн таагүй хандлага дагуулжээ. Эдийн засгийн ужиг асуудлууд хурцдаж, харин Брюссел эдгээр асуудалтай тэмцэх чадваргүй болохоо харуулж байна. Европын холбоонд шинэ удирдлага бий болгох шаардлагатай болсон талаар улстөрчид ярьж байхад Их Британи тус байгууллагаас гарах тухай хэлэлцэж байгаа гэнэ. Их Британи Европын холбоог задлан шинэчлэх эрмэлзэлтэй байгаа талаар тус улсын Гадаад хэргийн сайд Уильям Хейг мэдэгдсэн байна. Түүний онцолж буйгаар, орчин үеийн Европын холбооны үйл ажиллагаа буруу явагддаг бөгөөд Европыг гэсэн мөнхийн төвлөрлийг нь даруй зогсоох хэрэгтэй гэнэ. “Европын холбоо манай вант улс томоохон байр суурь эзэлдэг. Тэр ч утгаараа манай улсын дийлэнх иргэдийн саналыг ямар ч зөвшөөрөлгүйгээр өөртөө ногдуулсан. Одоо британичууд өөрчлөлтийг, сонгууль хийхийг шаардаж байна. Бид тэдэнд уг сонголтынх нь нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Өнгө төдий өөрчлөлт бус Европын холбооны үйл ажиллагааны зарчмуудын бодит өөрчлөлтийг бид хүсч байна. Брюсселийн оролцоог улам илүү болгохын төлөө олон тооны дүрэм журам гаргах ажлыг л гүйцэтгэдэг бус төвийг эрхэмлэсэн жинхэнэ Европ бидэнд хэрэгтэй байна. Европ бүрэн эрхт байдал засаг захиргаагаа үндэсний парламентууд болон сонгогчдод буцаан олгох ёстой. Ийм л Европыг бид хүсч байна” гэж ноён Хейг Манчестерт болсон Консерватив намын их хурал дээр үг хэлэхдээ онцолсон байна. “Голландчууд ч мөн холбооны эсрэг байр суурьтай байгаа. Бид эдгээр шаардлагаа Европын холбооны хуульд санал оруулах болно. Брюссел бүрэн эрхийнхээ зарим хэсгээс татгалзаж, улс бүрт тусад нь шийдвэр гаргах боломжийг олгох ёстой. Энэ нь Европын холбооны мөн чанарыг илтгэх үр дүнтэй шинэлэг алхам болно” гэж Уильям Хейг дүгнэжээ. Өмнө нь Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Британийн эрх мэдэлтнүүд хууль бус цагаачид болон гэмт хэрэгтнүүдийг цөллөгт явуулах боломжтой байх ёстой гэсэн санааг илэрхийлж байсан. Үүнтэй холбоотойгоор Их Британи хүний эрхийн конвенциэс гарч болзошгүйг ч тэрбээр онцолсон. Европын холбооны харилцаа, үйл ажиллагааны асуудал консерваторуудын хурлын чухал сэдвүүдийн нэг байсныг онцлох нь зүйтэй. Харин Лейборист намынхан урьдын адил Британийг Европын холбооны бүрэлдэхүүнд байх ёстой гэсэн үзлээ баримталсаар байгаа.

ИХ БРИТАНИ ТЭРГҮҮТЭН ЕВРОПЧУУДЫН ӨРИЙГ ТӨЛӨХӨӨС ТАТГАЛЗАВ
Европын холбоонд нэмэлт таван тэрбум ам.доллар хэрэгтэй байгаа аж. Гэвч Британийн Засгийн газар Европын холбооны төсвийг нэмэгдүүлэх санал гаргасан тус холбооны эрх мэдэлтнүүдийн саналын эсрэг байр суурьтай байгаа аж. Еврокомисс өмнө нь Европын холбооны гишүүн орнуудаас холбооны төсвийн санхүүг нэмэгдүүлэх талаар талаар уриалж байсан. Тодруулбал, өр зээл төлөх, тооцоо хийхэд холбооны төсөв хүрэлцэхгүй байгаа бөгөөд үүнд нь таван тэрбум орчим ам.долларын хэрэгцээ шаардагдаж байгаа аж. Гэвч Британи тэргүүтэй хэсэг орон ийм нэмэгдэл гаргахаас татгалзсан байна. Үүнээс өмнө Европын холбоо гарах зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ жилийн хугацаанд нэмэлт 10 тэрбум ам.долларыг гишүүн орнуудаас татсан аж.

БРИТАНИ ЕВРОПЫН ХОЛБООНООС ГАРЧ МАГАДГҮЙ
Нэгдсэн вант улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ жилийн нэгдүгээр сард Их Британийг цаашид Европын холбооны бүрэлдэхүүнд байлгах эсэх талаар бүх нийтийн дунд санал хураалт явуулах санал гаргаж байсан. Гэхдээ тэрбээр нэгдсэн Европ холбооныхоо дотоод бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн сайжруулж, европчуудын итгэлийг хөсөрдүүлсэн байдлаа засч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа ч энэ үеэр онцолжээ. Нэгдсэн вант улс Европын холбооноос гарах хэмжээнд хямрал үргэлжлэхгүй байгаасай гэсэн санааг ч Кэмерон илэрхийлсэн аж. Дэвид Кэмероны удирдлаган дор оршдог Консерватор нам 2015 оны сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Европын холбоонд орших эс орших тухайд бүх нийтийн санал асуулга явуулахаа ч Кэмерон онцолсон байна. Хэрвээ уг санал асуулгыг явуулахгүй бол Британи Улсын Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах магадлал өндөрсөнө гэж Дэвид Кэмерон дүгнэжээ. Учир нь сүүлийн жилүүдэд британичуудын Европын холбоог гэх сэтгэл алдарсаар байгаа аж.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД
Британийн Ерөнхий сайд Европын холбооны үндсэн асуудлуудыг тоочжээ. Энэ нь дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар буурсан, евро бүсийн хямрал, жирийн иргэдийн Европын холбоонд итгэх итгэл алдарсан зэрэг асуудал аж. Кэмероны онцолж буйгаар, Европын холбоо чухал шийдвэрүүд гаргахдаа сонгогчдынхоо санал, сэтгэгдлийг үл сонсдогт иргэд сэтгэл дундуур байдаг гэнэ. Хэрвээ Европын холбоо ойрын хугацаанд өөрчлөлт хийхгүй бол тус холбооны хувьд сүйрэл нүүрлэнэ гэдэгт Кэмерон итгэлтэй байгаа аж. “Европын холбоо ямар нэг чухал шинэчлэл хийхгүй бол төгсгөл ирэхэд ойрхон байна. Би хувьдаа ийм зүйл хүсэхгүй. Харин амжилттай ажилладаг Европын холбоог харахыг хүсч байна” гэж тэрбээр онцолжээ. Тус холбооны хэт төвлөрсөн байдлыг Британийн Ерөнхий сайд шүүмжилж байгаа аж. Тиймээс Европын холбоо гишүүн орнуудтайгаа шинэ гэрээ байгуулж, бүрэн эрхийг бусад оронд тэгш байлгах ёстой гэнэ. Хэрвээ бусад орон Британийн саналыг дэмжихгүй бол Лондон Европын холбоотой тусгай гэрээ хийн, өөрийн онцгой эрхээ хүлээн зөвшөөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ Зарим орон үндэсний эдийн засгийнхаа эмзэг байдлыг сайжруулахын тулд Европын холбоонд элсэхээр эрмэлзэж байхад Их Британи нэгдсэн Европын бүрэлдэхүүнээс гарах тухай хэлэлцэж байна. Лондоны хувьд улстөрийн шинж чанартайгаар Европын хол- бооны бүрэлдэхүүнд харь- яалагддаг. Тийм ч болохоор Европын холбооноос тусгаарласан тохиолдолд эдийн засагт нь ямар нэг онцгой өөрчлөлт гарахгүй. Британи Европын холбооноос татгалзсанаар эдийн засаг бус улстөрийн тавцанд л илүү хохиролтой болохыг эдийн засгийн шинжээчид онцолсон байна. Бие даасан байдал нь Британийн аятай байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аж. Холбооны бүрэлдэхүүнээс гарснаар Европын аль ч төрлийн үйл ажиллагаанд бүрэн эрхтэйгээр оролцож чадахаа болино. Улстөр болон цэргийн хүчин, худалдааны салбарт хамтрах түншүүдийнх нь тоо ч цөөрнө. Ер нь Европын холбоотой хамтарсан орнууд төрөл бүрийн таатай нөхцөлтэй болдог. Тийм ч учраас уг холбооны бүрэлдэхүүнээс гарах бодлогыг аль ч орон тэгтлээ хүсэхгүй. Харин Их Британи ийм арга барилаар Европ дахь нөлөөллөө өргөтгөж, илүү боломж, эрхтэй болохыг санаархаж байгаа болов уу гэж зарим ажиглагч дүгнэжээ.

Нүүрийг бэлтгэсэн Ц.МӨНХЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)