
Өнгөрөгч амралтын өдөр Парисын Эйфелийн цамхгийг түр хугацаагаар хааж, бүх зочдыг гаргасан байна. Учир нь тус цамхагт хаягласан заналхийллийг хэн нэгэн утсаар мэдээлсэн бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс ийм арга хэмжээ авсан байна. Хотын цагдаагийн газрын мэргэжилтнүүд зочид, жуулчдыг аюултай бүсээс гаргасан даруйд цамхгийг бүслэн хяналтдаа байлгажээ. Парисыг зорьсон хүн бүрийн заавал очдог эл газар анх удаагаа хаагдаж байгаа биш юм. Өнгөрөгч гурав болон наймдугаар сард ч мөн хэн нэгэн иймэрхүү сүрдүүлэг хийснээс түр хугацаагаар хааж байсан. Эйфелийн цамхгийг 1889 онд Францын Засгийн газрын захиалгаар, инженер Густав Эйфелийн төслөөр барьсан бөгөөд тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр байгууламж хэмээгдэж байсан. Цамхгийн дизайн Парисын дийлэнх иргэдэд таалагдаагүй гэдэг ч өнөөг хүртэл тус хотын бэлгэ тэмдэг болсоор ирсэн.
Сэтгэгдэл (0)