
Швейцарийн Женев хотод Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт эхэллээ. Энэхүү уулзалтад Ираны шинэ Ерөнхийлөгч Хассан Роухан, Гадаад хэргийн сайд Мохамад Жавад Зариф зэрэг албаны төлөөлөгчид оролцож байгаа юм. Ираны Ерөнхийлөгч цөмийн хөтөлбөрийн талаар зургаан сарын хугацаанд барууны орнуудтай зөвшилцөлд хүрэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Энэ хугацааг урт байна гэж шүүмжлэх улс ч цөөнгүй байгаа аж. Америк тэргүүтэй барууны орнууд Ираныг цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлж буйг эсэргүүцэн эдийн засгийн хориг арга хэмжээ аваад удаагүй байгаа билээ. Харин Ираны Ерөнхийлөгч энхийн журмаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тиймээс үүнд эргэлзэж буй орнуудыг өөрийн шинжээчээ илгээж баримт нотолгоо цуглуулах боломж олгоно гэсэн билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван орноос / АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц/ гадна Герман нэмэгдэн “P5+1” хэмээн нэршсэн орнуудын Гадаад хэргийн сайд нар Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх уулзалтыг зохион байгуулж байгаа юм. Олон улсын төвшинд уг цөмийн хөтөлбөрийн асуудлаар нэгдсэн байр суурьт хүрэхийн тулд хэд хэдэн удаа албан ёсны уулзалт зохион байгуулсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа. Америк тэргүүтэй барууны орнууд Ираныг цөмийн зэвсэгтэй болох нууц төлөвлөгөө хэрэгжүүлж байна хэмээн хардаж буй. Үүнийгээ ч Ираны талд мэдэгдэж, цөмийн хөтөлбөрийн үйл ажиллагаагаа нээлттэй болгохгүй бол хориг арга хэмжээг чангаруулж цэргийн хүчээр шахалт үзүүлнэ гэж сүрдүүлж байсан билээ. Энэ удаагийн уулзалтаар ямар үр дүнд хүрэх нь олон улсын шинжээчдийн анхаарлын төвд байна. Тиймээс Ираны төлөөлөгчдийн фейсбүүк, твиттер хуудсыг хэвлэлийнхэн нарийн ажигласаар байгаа аж. Ираны цөмийн хөтөлбөрийн багийг Гадаад хэргийн сайд Мохамад Жавад Зариф тэргүүлж байгаа юм. Тэрбээр Америкт өндөр боловсрол эзэмшсэн маш нээлттэй улстөрч хэмээн гаднын хэвлэлийнхэн онцолж байгаа юм. Женевт болж буй энэ удаагийн уулзалтаар Ираныг цөмийн хөтөлбөрийнхөө талаар ямар байр суурь баримталж байгааг барууны орнууд нээлттэй сонсоно гэдгээ мэдэгдсэн. Цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээр сунжирч, шийдэлд хүрэхгүй байх нь элбэг. Тиймээс уг уулзалтаар талууд үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, шийдэлд хүрэхийг эрмэлзэж байгааг хэвлэлүүд онцолжээ.
Сэтгэгдэл (0)