Лондон зөвхөн баячуудын гэр болох ёсгүй
- 2013-10-22
- Дэлхий
- 0
Хэрэв Лондон хотын үл хөдлөх хөрөнгө боломжийн үнэтэй болохгүй бол оршин суугчдаа алдаж болзошгүй ньНайруулагч Жерри Уайт XIX зууны үеийн Лондонгийн талаар дүрслэхдээ тус хотын Клеркенвелл дүүрэг “бүтээл туурвилын хүлэмж” болсон талаар онцолсон байдаг. Энд Британийн зохион бүтээгч Хайрам Максим алдарт пулеметаа төгс болгож байсан бол Себастиан де Ферранти тэсрэх бөмбөг бүтээж, Гульельмо Маркони цахилгаан утас дамжуулах төхөөрөмжөө бүтээж хэрэглээнд нэвтрүүлж байсан. Клеркенвелл дүүрэгт хамгийн алдартай дархан, гар урчууд болон мебель ба шилэн эдлэл үйлдвэрлэгчид сор болсон бүтээлүүдээ үйлдвэрлэн гаргадаг байв. Тухайн үед Лондон хотын бусад дүүрэгт ч гудамжны худалдаа болон засвар үйлчилгээний төрөл бүрийн үйлдвэрийн салбарууд цэцэглэн хөгжиж байсан. Эмэгтэйчүүд дэлхийн гэсэн тодотголтой их дэлгүүрүүдээс худалдан авалт хийхийг илүүд үздэг байлаа. “Лондонд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий бүтээгдэхүүн хамгийн чанартай, шилдэгт тооцогддог байсан үе. Харин өнөө үед хамгийн их ашгийг бүтээлч сэтгэлгээ, нөр их хөдөлмөрийн дүнд бүтсэн бүтээл бус харин Америкийн зохиолч Майкл Голдфарбын “Дэлхийн нөөц валют” эссендээ онцолсон шинэ алт гэгч зүйл өгөх болсон. Энэхүү шинэ алт нь үл хөдлөх хөрөнгө гэнэ. “Өнөөдөр Лондон хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл жирийн хүмүүсийн хувьд хувийн байраа богино хугацаанд хөрөнгө оруулалт болгодог газар биш болоод байна. Харин дэлхийн баячуудын мөнгөө нөөцлөх газар болон хувирсан байна. Тухайлбал, 2012 онд Лондон хотын нэгэн үл хөдлөх хөрөнгө 83 тэрбум фунт стерлингээр борлуулагдаж байсан” гэж Майкл Голдфарб эсседээ дурдсан байна. Лондон хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь гадаадын болон Их Британийн саятан, тэрбумтнуудыг орлогын их багаас үл шалтгаалсан нэгдсэн татварын хэмжээгээрээ өөртөө татдаг. Тухайлбал, Британид хувь хүний нэгдсэн албан татвар 23 хувь /2015 онд 20 хувь болтол буурна гэж байгаа/ байдаг. Гэтэл Германд цалин орлогын нэгдсэн албан татвар 29 хувьтай. Тэгэхээр одоогийн байдлаар Лондонгийн оршин суугчдын дийлэнх нь орлогынхоо 40 хүртэлх хувийг эмнэлэг, сургууль, зам тээвэр, нийгмийн халамж, үйлчилгээ зэрэгт төлж байхад баячууд нь бага татвар төлж жаргаж байх жишээтэй. Лондонгийн хөрөнгийн зах зээл дэлхийн бас нэгэн нөөц валютын сан болж хувирлаа гэгдэх болсон шалтгаан нь дэлхийн баячууд өндөр татвараас зайлсхийн энд хөрөнгөө хадгалуулах болсонтой холбоотой. Энэ нь гэхдээ тус хотын нийгэм, соёлын салбарт илт өөрчлөлт дагуулах нь гарцаагүй гэж ажиглагчид дүгнэж буй аж.
Хэрвээ хотын төвд эрдэмтэн, оюутан, зураач, багш, нийгмийн ажилтан тэргүүтэй жирийн иргэд ажиллаж, амьдарч чадахаа болин, биеийн болон оюуны бүтээлээр нийгмийн хөгжилд хувь оруулахаа больчихбол ямар байх бол. Эзэнтэй, эзэнгүй баахан үнэтэй сууцнууд баячуудын үл хөдлөх хөрөнгийн үүрэг гүйцэтгэн дүнсийх болно гэсэн үг. Лондон хотод соёлын төдийгүй эдийн засгийн шинж чанартай аюул нүүрлээд буйг ч тэмдэглэх нь зүйтэй. Зарим нэг ажиглагчийн дүгнэж буйгаар, Лондон хот хөрөнгөтнүүдийг дэмжин, төвлөрүүлснээрээ Берлин тэргүүтэй Европын зарим томоохон хотуудаас хөгжлөөрөө хол хоцрох гэнэ. Учир нь олон залуу авьяастан, чадварлаг мэргэжилтнүүд Их Британийн нийслэлд амьдарч чадахгүй, боломжгүй болоод байна. Уг нь бол түүхийн жимийг харахад, соёлын салбарууд л Лондон хотын эдийн засгийн үндэс суурь болж байсан бөгөөд цэцэглэн хөгжигч хот болоход нь чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Лондонд ийм аюул нүүрлээд буйг улстөрийн хэдхэн лидер л ойлгоод байгаа мэт. Өндөр хөгжилтэй, хот шиг хот байхын тулд төрөл бүрийн хүнийг багтаах чадвартай байх ёстойг эрх мэдэлтнүүдэд ойлгуулж чаддаг хүчирхэг удирдагч Лондон хотод хэрэгтэй байна. Хотын удирдлагууд хотын төвийн үнэтэй дүүргүүдийн төлөө тэмцэгчдийг өөгшүүлэн дэмжих бус үүнээс үүдэх үр дагаврыг нь бодолцох ёстой мэт. Нийслэлийн бага болон дунд орлоготой иргэд хотын төвийн өртөг ихтэй амьдралаас зугтан нүүн шилжих урсгалд автаад байна. Тэдэнд өөр сонголт үлдээгүй болохоор өөр яалтай. Лондон хотын нэгэн дунд сургуулийн захирал Эрлс-Кортын тэмдэглэснээр, 2011 онд сургуульд элссэн хүүхдүүдээс 63 хувь нь үнэ төлбөргүй хоолонд хамрагдах эрхтэй байсан бол 2013 онд энэ тоо 23 хувь болтлоо буурчээ. Энэхүү баримт нь Лондон хотын жирийн оршин суугчид хүссэн хүсээгүй хотоос шахагдан гарсныг харуулсан тоо юм гэж тэрбээр онцолсон байна. Зарим нэг шинжээчийн дүгнэснээр, 2025 он гэхэд Британийн нийслэлд орон сууцны эрс хомсдол нүүрлэх төлөвтэй байгаа аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, дундаж орлоготой, ганц бие иргэний хувьд орон сууцны ам.метрийн үнэ 140 мянга, хосын хувьд 170 мянган фунт стерлингээс давах ёсгүй гэнэ. Харин орон сууц хөлслөх үнэ долоо хоногийн 79-147 фунт стерлингийн хооронд хэлбэлзэх ёстой аж. Гэвч Лондон хотын төв болон баячуудын гэгддэг үнэтэй дүүргүүдэд өөрийн гэсэн байр сууцтай болох хүсэлтэй гаднын болон дотоодын бийлэгжүү иргэдийн тоо буурахгүй байгаа нь орон сууцны үнийн хөөрөгдлийг бууруулахгүй байгаа гэнэ. Өдгөө тус улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын агентлагууд Лондон хотын төвөөс зүүн өмнө зүгт орших “Elephant and Castle” орон сууцны цогцолбор хотхоны сууцнуудаас Азийн зах зээл дээрх гаднын худалдан авагчдад борлуулж эхэлжээ. Тэндхийн нэг унтлагын өрөөтэй байр нь 310 мянган фунт стерлингээс дээш үнэтэй гэнэ. Ер нь аль улсын ямар хотод хэчнээн тооны үл хөдлөх хөрөнгөтэй байх нь хөрөнгө чинээтэй хүн бүрийн сонголтын асуудал хэдий ч Лондон хотын хувьд энэ нь томоохон асуудал болоод байна. Тиймээс хотын удирдлага үл хөдлөх хөрөнгийн эзэд болон жирийн иргэдэд гэсэн өөр өөр албан татварын журам гаргах замаар асуудлаа шийдвэрлэхгүй бол тун удахгүй Лондон хот баячуудын үл хөдлөх хөрөнгийн төв болж мэдэх аюулын харанга дор орсон талаар шинжээчид анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)