Пакистаны Ерөнхий сайд АНУ-д хүсэлт гаргалаа

Ерөнхий сайд Наваз Шариф АНУ-ын Засгийн газарт хандан Пакистанд цэргийн зориулалтын онгоц хөөргөн дайралт хийх үйл ажиллагаагаа зогсоохыг хүсчээ. Америкчууд цэргийн онгоцуудыг тус улсад терроризмтэй тэмцэх ажлын хүрээнд ашиглаж буй аж. Энэхүү ажиллагаа нь тус улсын иргэдийг гүн хямралд автуулаад байгаа төдийгүй АНУ, Пакистаны харилцаанд гол таагүй зүйл болж хувирах төвшинд очсоныг Ерөнхий сайд тэмдэглэжээ. “Хэдийгээр Пакистанд ардчилал хэрэгтэй байгаа ч АНУ-тай хамтын ажиллагаагаа тогтвортой байлган хүчирхэгжүүлэх боломжоор хангагдсан байх ёстой. Хоёр орон хамтын ажиллагаатай байгаа үед харилцан бие биенээ хүндэтгэн, ашиг сонирхлынх нь дагуу хамтрах ёстой” гэж Ерөнхий сайд хүсэлтдээ онцолжээ. Ерөнхий сайдын дурдсан судалгааны тоо ёсоор, сүүлийн 10 жилд тус улсад долоон мянга гаруй цэргийн албан хаагч террорист болон сөргөлдөгчдийн эсрэг тулаанд амь эрсэдсэн байна. Түүнээс гадна терроризмын эсрэг гэх тулааны хөлд 40 мянга гаруй жирийн иргэн үрэгдсэн гэнэ. Гэвч АНУ Олон улсын хүний эрхийн “Amnesty International” болон “Human Rights Watch” байгууллагуудын тогтоосон амь үрэгдэгсдийн талаарх дээрх тоо баримтыг ташаа гэж тодорхойлсон. Энэ талаар АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Мари Харф хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн бөгөөд Америкийн цэргүүд ийм олон тооны золиос гаргасан байх учиргүй хэмээн тодорхойлсон аж. Тэрбээр, хүний эрхийн байгууллагынхан тагнуулын алба л мэдэх ёстой, нууц мэдээллийг олж баримт цуглуулах боломжгүй хэмээгээд Америкийн Засгийн газар ч ийм мэдээлэл түгээдэггүй гэсэн байна. Наваз Шариф ойрын өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийх агаад Ерөнхийлөгч Барак Обаматай уулзан энэ талын хэлэлцээр хийх аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)