АНУ бусад гүрнүүдийг тагнасан нь нотлогдвол...

Жирийн хүмүүсээс эхлээд улс үндэстнүүд хүртэл найз нөхдөдөө үл итгэх нь бий. Үл ойлголцол, үл итгэх нь тандах, мөрдөх мөшгөхөд хүргэх нь зүйн хэрэг. Харин дипломат ертөнцөд саяхнаас тархсан АНУ-тай холбоотой таагүй мэдээллүүдээс үзэхэд тус улс өнөөг хүртэл буу шийдэмхнээр тулалдаж байгаа олон улсын тагнуулын талбарт цөмийн бөмбөг хаяж орхив бололтой. Вашингтон хот дахь нэгэн барилгыг тойрсон өндөр хашааны хүрдэн хаалгыг онгойлгох бүрт хяхтнаж, хаах бүрт савчих аж. Хаалганы хажуудах харуулын бүхээгний дээд талд хяналтын камер зоосон харагдана. Гадаа нь гурван эмэгтэй тамхилах бөгөөд мэдэхгүй нэгэнд ердийн нэгэн албан байгууллага шиг харагдах энэ барилга үнэн хэрэгтээ Нэгдсэн Улс дахь Францын Элчин сайдын яам юм. Хаалга, харуул хамгаалалтын аль аль нь урилгагүй зочдыг нэвтрүүлэхгүй байхаас гадна яаман дахь компьютер, гар утас бүрийг хянах үүрэгтэй. Гэвч энэ нь америк тагнуулчдад саад тотгор биш бололтой. Уг Элчин сайдын яам америкчуудын чагнах төхөөрөмж байрлуулсан гэх газруудын хамгийн эхэнд бичигдсэн билээ. Үүний хамт НҮБ дахь Францын төлөөлөгчдийн хувийн компьютерт америкчууд чөлөөтэй нэвтэрдгээр барахгүй Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүйн алба хэдэн сая энгийн франц иргэний утасны яриаг чагнадаг тухай Францын “Le Monde” сонин мэдээлжээ. Францчуудын дараа хохирогчийн суудалд шилжиж, хамгийн итгэлт түншдээ хууртагдсанаа мэдээд байгаа ээлжит орон бол Герман. Энд бүр долоон дор мэдээлэл цацагдаж байгаа нь тус улсын гүйцэтгэх засаглалын тэргүүний гар утсыг америкчууд бүр 2002 оноос хойш чагнасан гэх дуулиан юм. Энэ тухай “Der Spiegel” сэтгүүл нийтэлсэн бөгөөд хэрэв энэ мэдээлэл үнэн бол америкчууд хатагтай Ангела Меркелийг бүр канцлер болохоос нь өмнө тандаж эхэлсэн болж таарна. Европын хамгийн хүчирхэг хоёр орны үндэсний аюулгүй байдалд Америкийн эрх баригчид ийм бүдүүлэг, байж боломгүй аргаар халдаж зүрхэлсэн нь батлагдвал энэ нь Америкт ч, тус улсын тандаж чагнасан байх магадлалтай гэх 100 гаруй улсад ч Вашингтоны эрх мэдэлтнүүд эрх мэдлээ урвуулан ашигласан явдал болно. Эдвард Сноудений өнгөрсөн зун анхлан задруулсан нууц мэдээллүүд ийнхүү анх удаагаа улс хоорондын дээд хэмжээний хэлэлцээрийн сэдэв болох нь. Үндэсний аюулгүйн албаны ажилтан асан, дуулиант эр Сноуденээс эхтэй дээрх мэдээллүүдийг харин Вашингтоны албаныхан үгүйсгэсээр байна. Улс орнууд АНУ-аас тайлбар шаардаж, цухалдуу үгтэй албан бичиг чулуудаж байгаа хэдий ч дипломат харилцаанд тагнах, чагнах нь байдаг л зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө нь ч ийм хэргүүд гарч байсан бөгөөд 1920-1930- аад онд Британи Америкийг тандахад бүхэл бүтэн хороо гаргаж байсан, 1985 онд Америкийн тэнгисийн хүчний шинжээч Жонатан Поллард гэгч Израилийн тагнуулч байсан нь илчлэгдсэн, 2012 онд Францын Ерөнхийлөгчийн өргөө болох Елисейн ордны системд гаднын этгээд нэвтэрсэн нь илэрч францчууд Америкийг сэрдэж байсан зэрэг явдлыг дурдаж болох юм. Тэгэхээр дээрх мэдээллүүд Франц, Герман, Бразил, Мексик зэрэг (энэ нэрс цааш дуусахгүй мэт үргэлжилнэ) Америкийн хамтрагчдыг гайхаж балмагдуулсан уу гэвэл үгүй. Тэд ердөө л америкчуудыг хэрээс хэтэрсэнд л уурсаж, бухимдаж байна. Франц, Германы эрх баригчид энэ оны сүүлч гэхэд ойрын түншүүдээ тагнаж, чагнахгүй гэх тохиролцоонд гарын үсэг зурахыг Вашингтоноос шаардав. Гэхдээ тэглээ гээд байдал өөрчлөгдөх нь юу л бол. Америк эрдэмтдийн холбооны төрийн нууцлалын төслийн тэргүүн Стивен Афтервүүдийн ярьснаар бүгд л тагнадаг, чагнадаг. Дэлхийн тэргүүлэх хүчний хувьд АНУ бүх дэлхийг чагнаж байгаа нь хэнд ч тодорхой. Асуудлын гол нь тэд чухам ямар түвшинд хэр их мэдээлэл цуглуулдаг вэ, тэр нь олон улсын дипломат харилцааны чиг голдрилыг хэрхэн өөрчилдөг вэ зэрэгт л байна. 2001 онд “Аль-Каида” бүлэглэл АНУ руу халдсанаас хойш тус улс тагнуулын албандаа эрс шинэчлэл хийсэн тухайгаа ил тод мэдээлж байсан. Чухам энэ үеэс Америкийг ойрын түншүүдээ илүү өргөн хүрээнд тандаж эхэлсэн байх гэж зарим шинжээч үзэж байна. Европчууд эл тандах ажиллагаа нь хууль ёсны эсэхэд мөн гайхаж байгаа. Өөрөөр хэлбэл, барууны аль нэг төрийн тэргүүнийг тагнаж, чагнахад Америкийн Ерөнхийлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй нь дамжиггүй. Ядахнаа, Үндэсний аюулгүйн зөвлөл энэ талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Одоогоор Барак Обама энэ талаар юу ч мэдэхгүй хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд хатагтай Меркелээс утсаар уучлалт гуйсан билээ. Дэлхийн II дайны дараахан Америк, Британи хоёр бие биеэ тагнахгүй байх тухай гэрээ байгуулж, сүүлдээ Австрали, Канад, Шинэ Зеландыг эл тохиролцоондоо багтааж “Таван нүд” хэмээгдсэн бүлгэмийг байгуулж байв. Эдгээр улс бүлгэмийн гишүүн болсноороо Америкийн тагнах системийн үр ашгийг хүртсээр ирсэн. Үүний адилаар одоогийн Европын олон орны эрх баригчид Америкийн тагнуулын албаны тусламжтайгаар террористуудаас улс орноо хамгаалж байгаа. Энэ тухай Германы нэгэн албаны хүн “The Economist” сэтгүүлд ярьсан бөгөөд америк тагнуулчдын хуваалцсан мэдээллийн ачаар Германд төдийгүй хилийн чанадад иргэдийнхээ амийг аварч, алан хядах олон ажиллагааг таслан зогсоож байсан гэжээ. Тэгэхээр Америкийг тагнах ажиллагааг эсэргүүцэн гаргасан мэдэгдэлдээ Европын холбооны гишүүн 28 орны төрийн тэргүүн нар харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал хэмээгээд эл асуудлаар Вашингтоны эрх баригчидтай хэлэлцээний ширээнээ суух үүргийг Франц, Германд даалгасан нь чухамдаа иймэрхүү харилцааг үргэлжлүүлэхийг хүсэж байгаатай нь холбоотой тул аргагүй биеэ барьж, хүлээцтэй хандаж буй хэрэг юм. АНУ- тай тагнуулын мэдээллүүдээ харилцан солилцдог Их Британи ч энэ мэдэгдлийг өнгө аясыг зөөлрүүлэхэд багагүй хүчин чармайлт гаргасан. Герман, Францын удирдагчид АНУ-тай хэлэлцээ хийж, ойлголцож чадвал “Таван нүд”-ийн адил тохиролцоонд хүрч болох юм. Эл асуудлыг шийдэх хамгийн зөв арга ч энэ байж болох. Харин муугаар бодоход, АНУ болоод барууны, цаашлаад барууны улс орнууд хоорондын харилцаа хэсэгтээ тодорхойгүй төлөвт шилжих вий.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)