
Сансар судлалаар дэлхийд тэргүүлэгч АНУ-ын НАСА болон Европын сансрын агентлагийн эрдэмтдийн судалгаа, шинжилгээний гол талбар нь сүүлийн жилүүдэд Ангараг гариг болоод байгаа билээ. Тэд энэ удаад Улаан нүдэн гариг уруу могой хэлбэрт роботон төхөөрөмж илгээхээр бэлтгэж байна. Тус гариг уруу илгээсэн НАСА-гийн машинан төхөөрөмжүүд элсэрхэг хөрсөнд шигдэх, суух нь их учир шинэхэн хэвлээр явагч роботууд болхи “ах” нараа татаж гаргах үүрэгтэйн дээр өөр ямар ч хэлбэртэй робот хүрч чадахааргүй Ангарагийн хадан цохион завсраар шургаж хөрс, усны дээж авах гэнэ. Мөн цахилгаан утсаар машинан роботын хөдөлгүүртэй холбогдож цэнэгээ солилцох боломжтой. Цаашлаад утасгүй технологитой болж, эх дэлхий рүү мэдээлэл илгээх хүчин чадалтай болгохоор НАСА-гийн эрдэмтэд ажиллаж байгаа тухай “Шинжлэх ухаан” сэтгүүлийн есдүгээр сарын 20-ны дугаарт мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)