Гүрж шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

Энэ сарын 27-нд Гүржид Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Анхны “хувьсгалгүй сонгууль” хэмээн ажиглагчид уг сонгуулийг онцолж байв. Сонгуулийн төв хорооны албан ёсны мэдээлэл гараагүй байхад “Гүржийн мөрөөдөл”-өөс нэр дэвшигчид баяраа тэмдэглээд эхэлсэн талаар тус улсын мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байсан. Тэдний мөрөөдөл ч биелэлээ олж, өдгөө засгийн эрхэнд буй “Гүржийн мөрөөдөл” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Георгий Маргвелашвили үнэмлэхүй ялалт байгуулан тус улсын удирдагч болжээ. Сонгуулийн албан ёсны тооцоогоор Г.Маргвелашвили 66-68 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Харин түүний гол өрсөлдөгч хэмээгдэж байсан Саакашвилигийн намын төлөөлөгч Давид Бакрадзе дөнгөж 20 орчим хувийн санал авчээ. Нөгөө өрсөлдөгч болох парламентын экс спикер Нино Буржанадзе 7.5-10 хувийн санал авсан байна. Гүржийн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг гадаадын болон дотоодын 20 мянга гаруй ажиглагч хянажээ. Энэхүү сонгуулийн дараа тус улс парламентын засаглалтай орон болох юм. Шинэ засаглалын дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрх болон үндсэн хуулийн дагуух эрхүүд хязгаарлагдаж, харин парламент болон Ерөнхий сайдын эрх, нөлөө өргөсөх аж. Харин Ерөнхийлөгч урьдын адил улсын тэргүүний статусаа хэвээр хадгална. Гүржийн Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 23 нэр дэвшигч оролцсон нь тус улсын сонгуулийн түүхэнд дээд амжилт тогтоосон онцлогтой болов. Гүржийн Ерөнхийлөгч таван жилийн хугацаатайгаар, хоёр жил дараалан сонгогдох боломжтой.

М.СААКАШВИЛИГИЙН ЭРИН ТӨГСГӨЛ БОЛЛОО
Саакашивилигийн эсрэг хувьсгал бараг жилийн өмнөөс, парламентын сонгуулийн үеэс хурцаар өрнөсөн гэж болно. Тэр үеэс Саакашвили илүү “даруухан” болсон ч түүний эсрэг санал, шүүмжийг шинэ Засгийн газар улам олшруулах болсон. Өөрийгөө “гал халуун цогтой, эрэлхэг тэмцэгч” хэмээн өргөмжлөх дуртай М.Саакашвилигийн эрин нэгэнтээ дуусгавар болсон энэ үед хууль хяналтынхан түүнтэй нүүр тулан харьцах эрхтэй болж байгаа юм. Түүнд хаягласан гэм буруутай ажиллагаанууд хураагдан зузаарсаар маш олон болсныг тэмдэглэх нь зүйтэй. Тэдгээрийн нэг нь тус улсын Ерөнхий сайд агсан Зураб Жванигийн ахуйн хийнээс хордсон гэх тодотголтой учир битүүлэг үхлийн хэрэг юм. Гүржийн аугаа өөрчлөн байгуулагч Михаил Саакашвилигийн улстөрийн амьдрал 2004 оны гудамжны жагсаал цуглаанаас эхэлсэн. Ерөнхийлөгчийн албанд өнгөрүүлсэн найман жилийг тэрбээр асар их шуугиан, маргаантай дурсамжуудаар баяжуулан үлдээсэн гэхэд хилсдэхгүй. Түүний дэглэмийг тус улсын иргэд “гэмт хэргийн” шинж чанартай хэмээн ил тод шүүмжилдэг байсан. Түүний нэр томчуудтай холбоотой авилгын хэрэг, нийгмийг айдас жихүүцэлд автуулсан хоморголон хорих явдал, олноор нь улстөрийн гадуурхалд гаргах зэрэг таагүй ажиллагаануудад байнга холбоотой байдаг байв. Ойр дотны хамсаатнуудаа золиосонд гаргах, жирийн иргэдийг хороох явдал түүний хувьд дадсан ажил байсан гэхэд хилсдэхгүй. Сөрөг хүчнийхэнтэйгээ ч маш харгисаар “үзэлцдэг” байснаараа ч алдартай. Мөн түүний ахуйд бий болсон иргэдийн амьжиргааны төвшний бууралт, ядуурал, хүний эрхийн алдагдал зэргийг тоочиж баршгүй. Түүнээс гадна Оростой зуун дамжин нөхөрлөсөн найрсаг харилцааг уландаа гишгэн сүйрүүлсэн явдал. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнөхөн Саакашвилигийн бас нэгэн нууцыг албаныхан илрүүлсэн. Тэрбээр Ерөнхийлөгчийн албанд байх энэ олон жилийн хугацаандаа асар том хамгаалалтын зурвасыг бариулж амжсан байна. Оросын талаас хамгаалсан 25 км-ын урттай, асар том бетонон сувган хамгаалалтыг бариулан төрийн нууц болгож байсан аж. Түүнд хамааралтай, түүний гэсэн болгон битүү харуул хамгаалалттай байдаг байсан болохоор ойртох эрх хэнд ч байгаагүй. Тус улсын Ерөнхий сайд Иванишвили хуучин Ерөн хий- лөгчийг шоронгийн хаалга хүлээж байж болзошгүй гэж онцолсон байсан. Саакашвилигийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх хэргүүд ч олон бий. Түүнийг Ерөнхийлөгч ахуйд гэм буруугаа хүлээх ёстой хэмээж байсан улстөрчдийг Саакашвили “Оросын тагнуулууд” хэмээн тодорхойлон, тэдэн рүү хашхирч байсан. Ямартаа ч “халуухан тэмцэгч”-ийн гунигт ялагдал эхэллээ. Түүний хувь заяа хэрхэн шийдвэрлэгдэхийг харж л байя...

ГЕОРГИЙ МАРГВЕЛАШВИЛИГИЙН ТОВЧ НАМТАР
-Георгий Маргвелашвили нь Гүржийн дэд Ерөнхий сайд, боловсролын сайдын албыг хашиж байсан. Тэрбээр 1969 оны есдүгээр сарын 4-нд Гүржийн нийслэл Тбилиси хотноо мэндэлжээ.

-1992 онд Иванэ Жавахишвилигийн нэрэмжит Тбилисийн улсын их сургуулийн философ, сэтгэл судлалын тэнхимийг дүүргээд 1993-1994 онд Төв Европын их сургуульд социологич мэргэжлээр суралцжээ. Философийн ухааны доктор цолтой.

-Г.Маргвелашвили нь 1992-1995 оны хооронд аялал жуулчлалын компанид хөтөч, тайлбарлагч, менежерийн ажил хийж байсан.

-1994-1995 оны хооронд “Бизнес өдрийн тэмдэглэл” маркетингийн компанийн захирал, 1996-1997 онд Тблилисийн нэгэн хувийн дээд сургуульд философийн багш, 1995-2000 онд Үндэсний ардчилсан хүрээлэнгийн олон улсын харилцааны салбарт хөтөлбөрийн зөвлөх мэргэжилтэн, 2000-2012 онд Гүржийн “GIPA” олон нийтийн байгууллагын хүрээлэнд мэргэжилтэн, даргын албыг тус бүр хашиж байжээ.

-2012 оны аравдугаар сард тус улсад парламентын сонгууль явагдаж, “Гүржийн мөрөөдөл” эвсэл ялалт байгуулан засгийн эрхэнд гарсан. Тус эвслийн тэргүүн Бидзина Иванишвилигийн Засгийн газар байгуулагдахад Г.Маргвелашвили Боловсролын яамны тэргүүнээр томилогджээ. Гэхдээ Маргвелашвили нь улстөрийн аль нэг намын гишүүн биш.

-2013 оны хоёрдугаар сарын 7-нд Г.Маргвелашвилиг Засгийн газрын дэд Ерөнхий сайдаар томилсон байна. Улмаар энэ оны тавдугаар сард “Гүржийн мөрөөдөл” эвсэл Георгий Маргвелашвилиг 2013 оны Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ албан ёсоор зарлажээ.

-Г.Маргвелашвили нь эрдэм шинжилгээний олон ажил хэвлүүлж байсан бөгөөд олон улсын харилцаа, улстөр, соёл, философийн сэдвээр төрөл бүрийн өгүүлэл, нийтлэл бичиж байсан байна. Орос, англи хэлийг төгс эзэмшсэн. Эхнэргүй, нэг охинтой.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (183.177.99.86)

    2013-10-29

    үнэн ялжээ. Манайхтай тун төстэй санагдаад байх чинь