Сөүл АНУ-аас хариу хүлээж байна

Өмнөд Солонгосын Засгийн газар өөрийнхөө төрийн тэргүүнийг АНУ-ын тагнуулын албаны ажиллагаанд өртсөн 35 удирдагчийн бүрэлдэхүүнд багтсан эсэхийг тодоруулах асуултыг Вашингтонд илгээсэн байна. Сөүл энэхүү тодруулгынхаа албан ёсны хариултыг АНУ-гаас хүлээж буй талаар өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг мэдээлжээ. АНУ-ын тангуулын алба дэлхийн 35 орны удирдагчийн утсан харилцааг сонсон, тагнадаг талаар тус албаны ажилтан асан Э.Сноуден мэдээлсэн нь сүүлийн үед дэлхий дахины гол сенсаци болоод байгаа билээ. АНУ-ын тагнуулын албанд хаягласан эл таагүй ажиллагааг дэлхийн удирдлагууд дипломат харилцаанд байж боломгүй, зүй бус хэмээн тодорхойлоод байгаа төдийгүй Америкийн хамтрагч орнуудын нэгдсэн улсаас зайгаа барих шалтгаан болохуйц сөрөг үр дагавар дагуулж болзошгүй болоод байна. Өмнөд Солонгосын Засгийн газар ч уг асуудалд байр сууриа илэрхийлж, “жинхэнэ хямрал үүсгэхүйц чухал асуудал” мөн хэмээн тодорхойлжээ. “Жирийн иргэд юмуу ямар нэг гэмт хэрэгтнийг тагнан, чагнасан асуудал бус төрийн тэргүүдтэй холбоотой асуудал болохоор нухацтай хэлэлцэхээс өөрцгүй асуудал мөн” гэж Өмнөд Солонгосын дипломат албаны төлөөлөгч онцолсон аж.

АНУ-ЫН ТУСГАЙ АЛБАНЫХАН ӨӨР ХЭНИЙГ ЧАГНАВ
Америкчуудын тагнуулч занг илрүүлсэн мэдээллүүд цацагдаж эхлэх үед Британийн “Guardian” сонин, Америкийн Үндэсний аюулгүй байдлын алба төрийн тэргүүдээс гадна АНУ-ын нутаг дэвсгэр дээр оршдог гадаадын 38 элчин сайдын яамны харилцааг ч бас тагнадаг хэмээн мэдээлсэн. Эдгээр элчин сайдын яамны тоонд Өмнөд Солонгосын элчин ч байсан болохоор тус улсын төрийн тэргүүнийг тавгүйтүүлсэн бололтой. Ямартаа ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе өөрийг нь тагнасан эсэхэд хариулт хүлээн сууж буй аж. Цагаан ордон мэдээж “Бид тэдний ажлыг мэдэхгүй, энэ талаар ойлголтгүй” гэсэн хариулт өгөх буй заа. Америкийн тагнуулын албаны ажилтан асан Э.Сноудены баримт дээр тулгуурласан Францын иргэдийн утсан харилцуурын яриаг сонсдог тухай нууц мэдээллүүд энэ сарын 21-нээс дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн. АНУ-ын тусгай алба франц иргэдийн 70.3 сая утсан яриаг тандан бичиж авсан нь ч тодорхой болсон. Тэр ч атугай Германы канцлер Ангела Меркелийн гар утасны яриаг чагнадаг талаар мэдээлж байсан. Тусгай албаныхан бусад орны удирдагч болон зарим хүний утсан яриаг сонсох ажиллагаагаа 2012 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2013 оны нэгдүгээр сарын 8 хүртэл явуулсан байгаа юм. Энэхүү тагнуулч ажлын зорилго нь террористуудтай холбоотой үйл ажиллагааг хянах, ажил хэргийн холбогдолтой хамтрагчид болон Францын Засгийн газартай хамааралтай улстөрч, төлөөлөгчдийг тандах агуулгатай байж. Тусгай албаныхны маш нууц гэсэн тодотголтой уг ажлын хөтөлбөрт “Upstream” нэртэй ажиллагаа байдаг агаад энэ нь зарим нэг онцгой харилцан яриаг кабель сүлжээ ашиглан шууд хураан хадгалдаг онцлогтой юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)