
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд 1981 оноос хойшхи тус улсын хамгийн чадваргүй, эрх мэдэлгүй, үр ашиггүй Ерөнхийлөгчөөр тодорчээ. Франсуа ийм олон таагүй тодотгол хүлээснээрээ тус улсын өмнөх Ерөнхийлөгч нараас хамгийн нэр хүнд муутайгаар тодрон, өөрийн гэсэн “дээд амжилт”- ыг тогтоож байгаа юм. Өмнө нь Францад Олланд шиг рейтинг муутай удирдагч хэзээ ч байгаагүйг иргэд онцолж байгаа аж. Францын Ерөнхийлөгчийн нэр хүнд навс унасныг ил болгосон шалтгаан нь тус улсын социологичдын явуулсан судалгаатай холбоотой. Социологичдын явуулсан судалгаагаар Олландын рейтинг сүүлийн нэг жилийн хугацаанд 30- 26 хувь болтлоо буурсан нь илэрчээ. Судалгаанд оролцогчдын 84 орчим хувь нь Олландын Ерөнхийлөгчийн албанд байх чадварыг үр дүн муутай гэсэн бол 68 хувь нь түүнийг ямар ч эрх мэдэлгүй, чадваргүй хэмээсэн байна. Тэрбээр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгосон нэг талын сайн үйл хийсэн ч энэ нь түүний нэр хүндэд сайнаар нөлөөлөөгүй байна. Харин францчуудын дийлэнх нь Николя Саркозиг хамгийн нөлөө бүхий улстөрч хэмээн дүгнэсээр байдаг аж.
Сэтгэгдэл (0)