Башар Асад бүх нийтийн өршөөл үзүүлэхээ мэдэгдлээ

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад гэмт хэрэгтнүүдэд бүх нийтийн өршөөл үзүүлэхээ мэдэгдсэн талаар тус улсын төрийн хэвлэлүүд дамжуулжээ. Энэхүү өршөөлд цэргийн албанаас зугтсан босуул болон зайлсхийсэн хэрэгтнүүд хамрагдах гэнэ. Ерөнхийлөгчийн тушаал ёсоор, өршөөлийн хуульд энэ сарын 29-ний өдөр хүртэл бүртгэгдсэн хэрэгтнүүд хамрагдах аж. Энэхүү өршөөлийн зарлиг нь энэ жилд үзүүлж буй хоёр дахь нь. Өнгөрөгч дөрөвдүгээр сард мөн цаазын ялтай иргэдийг өршөөж байсан юм. Цаазын ялаас хэлтрүүлсэн хэрэгтнүүдэд оронд нь хүнд хүчир ажил хийлгэх шийтгэл ногдуулж байжээ. Харин өнгөрсөн оны нэгдүгээр сард мөн Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газрын эсрэг гудамжны жагсаал, цуглаан зохион байгуулсан этгээдүүдийг өршөөн, суллаж байсан. Асадын энэ удаагийн өршөөлийг тус улсад нүүрлээд буй хямралыг багасгахад чиглэсэн Засгийн газрын хөтөлбөрт ажил хэмээн ажиглагчид дүгнэжээ. Ирэх онд тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох бөгөөд Асад сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Гэтэл АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри түүний хүсэлтийг егөөдөн, хэрвээ Асад дахин сонгогдвол Сирийн иргэний дайн үргэлжилсээр байх болно хэмээж байсан. Башар Асад 2000 онд тус улсын засгийн эрхэнд гарсан. Тухайн үед 34 настай байсан нэр дэвшигч Асадыг Ерөнхийлөгчийн албанд томилохын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан. Учир нь тус улсын Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүнээр 40 нас хүрсэн сири иргэн байх ёстой байж. Ардын сонгуулиар Асад бараг 100 /97.29/ хувийн санал авсан бөгөөд 2007 онд ч мөн ийм амжилт гарган дахин сонгогдсон юм. Тус улсад 2011 оноос иргэний дайны эхлэл тавигдсан бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж буй. Засгийн газрын цэргүүдийн эсрэг босч буй зэвсэгт босогчдын шаардлагуудын нэг нь Асадыг огцруулах тухай юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)