”Данийн өв”

 - Дани Улс дэлхийн хамгийн аз жаргалтай орон хэмээгдэхийн учир –

НҮБ өнгөрсөн аравдугаар сард дэлхийн хамгийн аз жаргалтай орноор дахиад л Данийг тодруулав. Тус байгууллага өнгөрсөн оны аз жаргалтай орнуудын жагсаалтдаа мөн л энэ улсыг нэгд оруулсан тул “дахиад” гэж онцолсон хэрэг. Энэ оны судалгааг хариуцсан мэргэжилтнүүдийн нэг Британи Колумбын их сургуулийн эдийн засгийн профессор Жон Хеллиуэллийн тайлбарласнаар судлаачдын голчлон харгалзан үзсэн зургаан зүйлд тус улс эн тэнцүү сайн үзүүлэлттэй байгаа нь жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн гэнэ. Ер нь Дани орон үүнтэй төсөөтэй хэдэн арван судалгаанд сүүлийн 10-аад жил тасралтгүй тэргүүн эгнээнд бичигдсээр ирсэн. Дэлхийн хамгийн хөгжингүй бүс нутаг болох Европын холбоондоо ч хэзээд үлгэр дууриал болдог. НҮБ-аас гаргасан сүүлийн жагсаалтын эхэнд бичигдсэн орнуудын нэг хүнд ногдох ДНБ, эрүүл мэндийн салбарын хөгжил, иргэдийнх нь урт наслалт, авлигаас ангижирсан засаглалын тогтолцоо, хүнлэг энэрэнгүй ёс, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн зэрэг нь ерөнхийдөө ойролцоо авч дараах онцлогууд нь Данийг Дани болгож, хөрөнгө чинээтэй, хүч нөлөөтэй бусад ардчилсан орнуудаас дээгүүрт оруулжээ.

АЖИЛТАЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙГ ДЭМЖДЭГ
Энд “ажилтай” гэх тодотгол бараг л илүүц юм. Учир нь Дани Улс ажилгүйдлийн төвшин нь хамгийн бага орны нэг бөгөөд Европын холбоондоо хамгийн сайн үзүүлэлттэй нь. Тиймээс энд идэвхтэй иргэн бүр, эцэг эх бүр ажил хөдөлмөр эрхэлдэг гэвэл дэгсдүүлсэн хэрэг болохгүй. Данийн төр юуны өмнө амаржсан эхчүүддээ дунджаар 52 долоо хоног буюу жил гаруйн хугацааны цалинтай чөлөө олгодог. Энэ хугацаа олон улсад дунджаар 10 долоо хоног бөгөөд зарим улсад цалин, тэтгэмжийн талаар бүр саналтгүй билээ. Үүн дээр нэмэлт 18 долоо хоногийн амралт эдлэх эрхтэй бол аав нар нь хоёр долоо хоногийн цалинтай чөлөө эдлэхийг хуульчилсан байдаг. Нярай хүүхэдтэй гэр бүлд үзүүлэх хангамж, дэмжлэг үүгээр хязгаарлагдахгүй. Дани хүүхэд бүр үнэгүй юм уу маш бага өртөгөөр эрүүл мэндийн бүхий л үйлчилгээнд хамрагдах эрхтэй. Үр хүүхдийг нь өсч бойжиход төр засаг ингэж анхаарч байхад эцэг эхчүүд ажлаа хийхээс өөр яах билээ? Бага насны хүүхэдтэй дани эхчүүдийн 80 хувь нь ажил хийдэг нь чухам үүнтэй холбоотой. Тэд улсынхаа нийт өрхийн орлогын 40 хүртэлх хувийг бүрдүүлдэг нь зарим хөгжингүй оронд ч байхгүй үзүүлэлт юм.

ЭРҮҮЛ ИРГЭНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ
Данийн иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ гэдэг үндсэн эрх нь юм. Энэ эрхээ хэрхэн ашигтай эдлэхээ ч тэд сайн мэддэг. Дани хүн жилд дунджаар долоон удаан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хувийн эмчтэйгээ уулздаг. Энэ тоо АНУ, Британи зэрэг зарим хөгжингүй оронд 3-5 байдаг бол Азийн ихэнх оронд ердөө нэг байна. 0-5 насны хүүхдүүдийн сургалт хүмүүжил, өөрөөр хэлбэл ясли, цэцэрлэг нь эрүүл мэндийн салбартай нягт холбоотой. Хүүхдүүд нь энэ эрхээ эдэлж байгаа цагт эхчүүд нь мөн эрүүл мэндийн бүх л төрлийн үзлэг, үйлчилгээнд хамрагдах бөгөөд ихэнх тохиолдолд төр зардлыг нь хариуцдаг. ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ НЬ БОДИТ Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг жендерийн асуудлаарх олон улсын тайланд Дани Улс жилийн жилд эхний аравт багтдаг. Нийгмийн бүх салбарт хүйсийн тэнцвэрийг хадгалах аргагүй ч Дани болон Скандинавын бусад улс ийм төлөвт хамгийн ойр дөхөж очсон нь. Эдгээр улс зөвхөн жендерийн үзүүлэлтэд санаа тавьж, хүйсийн тэнцвэрт байдлыг эрхэмлэнэ гэж хий хоосон уриалдаггүй, зориудаар эр, эм хүйстнүүдийн тоог ойртуулахыг хичээдэггүй. Харин ч өргөн далайцтайгаар ажил хэрэг болгож, иргэдийнхээ хандлага, үзэл бодлыг аль эрт энэ асуудалд хандуулж чаджээ. Дэлхийн ихэнх хэсэгт эмэгтэй хүн гэрийн мухар сахиж байсан өнгөрсөн зууны эхээр буюу 1910-аад онд Швед, Дани, Норвеги, Финлянд зэрэг Скандинавын орнууд эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг баталж, хуульчилсан байдаг. Данийн одоогийн Ерөнхий сайд нь Хелле Торнинг-Шмитт хэмээх эмэгтэй бөгөөд улсынхаа түүхэн дэх хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг гэгддэг.

ДУГУЙ УНАХ НЬ БИЧИГДЭЭГҮЙ ХУУЛЬ
Данийн хамгийн их оршин суугчтай, хамгийн том хот болох нийслэл Копенгаген нь дэлхийн хамгийн аюулгүй, цэвэрхэн хот гэгддэг. Иргэдийнх нь 50-иас илүү хувь ажил, сургуульдаа дугуй унадаг болохоор арга ч үгүй биз. Энэ нь даничуудыг эрүүл чийрэг, хотыг хорт утаагүй байлгаад зогсохгүй хотын төсөвийг хэмнэдэг. “Forbes” сэтгүүлд бичсэнээр тус улсын татвар төлөгчид автомашины оронд унадаг дугуй унасан километр бүртээ 7.8 цент хэмнэдэг бөгөөд энэ нь агаарын бохирдол, осол аваар, дуу чимээнээс үүдэлтэй таагүй байдал, замын элэгдэл зэргийг тооцсоны дүнд гаргасан мөнгөн хэмжээ гэнэ. Энэ дагуу тооцвол копенгагенчууд өдөрт 1.2 сая км замыг дугуйгаар туулдаг нь тэд жилд хотынхоо 34 сая ам.долларыг хэмнэдэг гэсэн үг. Өдөр бүр 30 минут дугуй унах нь хүнд 5-10 жилийн амьдрал бэлэглэдгийг мөн дурдах хэрэгтэй байх.

ХАРИУЦЛАГАА БҮРЭН УХАМСАРЛАДАГ
Хариуцлагаа ухамсар- лана гэдэг зөвхөн оногдсон ажлаа гүйцэтгэхийн нэр биш мөн эрхээ эдлэхийн нэр юм. Даничууд улстөрийн идэвхээрээ дэлхийд гайхагддаг бөгөөд 2011 оны есдүгээр сард болсон парламентын сүүлийн сонгуульд иргэдийнх нь 87.7 хувь нь санал өгчээ. Үүнээс үзэхэд бэхэжсэн ардчилалтай гэгддэг 30 улсыг Дани тэргүүлдэг нь гайхах зүйл биш. Тус улс хөгжингүй орны хувиар олон улсын өмнө хүлээсэн үүргээ ч ухамсарлаж, хүн амтай нь харьцуулахад бусад оронд хамгийн их буцалтгүй тусламж хүртээдэг улс болжээ. Төр засгийн оновчтой бодлого, нийгмийн халам- жаасаа даничууд зөвхөн хүртэх тухай боддоггүй. Харин бие биеэ анхаарч халамжлах, бусдын болоод нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ бүрэн ухамсарлах, олон зууны түүхтэй төрийнхөө уламжлалт болон шинэлэг ололтуудыг хамгаалж үлдэх, үндэсний бахарлыг хадгалах зэрэгт үргэлж сэтгэл тавьдаг. Тиймдээ ч Данийн нийгэм бол шалгарсан сайчуул болоод сайн санаат идэвхтнүүдийн хамтдаа цогцлоосон нийгэм юм. Даничуудын 40 гаруй хувь нь урлаг, спортын хороо, төрийн бус байгууллага, улстөрийн хүчнүүдийн ажилд сайн дураараа оролцдог гэх судалгаа бий. 5.5-хан сая хүнтэй атлаа тус улс 100 мянга гаруй төрийн бус байгууллагатай нь даничуудын нийгмийн идэвхийг харуулна. Цалин хөлсгүй ийм ажлууд улсын 35.3 тэрбум дани кроныг хэмнээд зогсохгүй төсөвийн 9.6 хувийг дангаараа бүрдүүлдэг байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (183.81.169.23)

    2013-11-06

    mundag yumaa,mongold danias xeregjuuldeg tosliinxon gej daanch naigui xumuus baidag yum