Есөн сая сиричүүдэд тусламж хэрэгтэй байна

Иргэний дайнд нэрвэгдсэн Сири Улсын хүн амын 40 хувь буюу 9.3 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хорооноос мэдээллээ. Энэ нь өнгөрөгч есдүгээр сард тус байгууллагаас гаргасан тооноос даруй 2.5 саяар өссөн үзүүлэлт юм. Тусламж хүртэх шаардлагатай есөн сая хүний талаас илүү нь гэр орноосоо дайжагсад байгаа бол 2.5 сая нь дэд бүтэцгүй, алс тусгаарлагдсан газар бүгж байгаа гэнэ. Ердөө хоёр сарын өмнө 6.8 сая сиричүүдэд тусламж хүрэхгүй байгаа тухай мэдээлж байсан НҮБ байдал дордож байгааг дээрх тоо нотолж байна хэмээгээд тус улсыг хямралаас гаргахад хугацаа алдалгүй дорвитой алхам хийхийг олон улсаас хүсчээ. Сүүлийн мэдээгээр, НҮБ болон Арабын лигийн хамтарсан хорооны төлөөлөгч Лакдар Брахими Сирийн энхийн хэлэлцээг зохион байгуулах асуудлаар АНУ, ОХУ- ын албаныхантай уулзахаар болжээ. Энэ сарын сүүлээр товлогдсон энэхүү уулзалт Женевт болох бөгөөд Сирийн хөрш зэргэлдээ орнуудын төлөөлөгчид болон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албаныхан мөн хэлэлцээрт оролцох юм. 2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн иргэний дайнд НҮБ-ын тооцоогоор хоёр сая хүн эх орноо орхин зэргэлдээх Иордан, Турк, Ирак, Египет зэрэг улс уруу дүрвэсэн бол 100 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)