
Өнгөрсөн долдугаар сард цэргийн эргэлтээр эрх мэдлээсээ хагацсан Египетийн Ерөнхийлөгч Мохамед Морси өнгөрөгч даваа гаригт шүүх танхимд хэрэгтний суудалд сууж, аллага хядлагад турхирсан гэсэн зүйл ангиар шүүгдэж эхлэв. Тэрбээр сүүлийн дөрвөн сарын хугацаанд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж, хуулийн зөвлөгөө авах, өөрийнх нь эсрэг үүсгэсэн хавтаст хэрэгтэй танилцах ч эрхгүй байгаа билээ. Түүний Исламын ахан дүүс хөдөлгөөний 2000 орчим гишүүн, тэдний дунд хөдөлгөөний удирдах гишүүд торны ард суусан, 6000 орчим гишүүнийг нь түр хугацаагаар цагдан хорьсон, хэдэн зуун дэмжигчийг нь байцааж байгаа гэсэн мэдээлэл мөн байна. Ийнхүү сүүлийн таван сонгуульд ялсан улстөрийн хүчирхэг хүчнийг нухчин дарснаар армийнхнаас бүрдсэн 50 гишүүнтэй ассамблей шинэ Үндсэн хууль батлахаар яарч байна. Нийтэд цацагдаад байгаа мэдээллүүдээс харахад цэргийнхэн энгийн иргэдийг цэргийн шүүхээр шүүж, армийн төсвийг татвар төлөгчдийн мөнгөөр нэмэхээ мэдэгджээ. Мөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд армийн тэргүүн генерал Абдел Фатах аль-Сиссийг бараг л бурхан тэнгэрээс египет түмэнд заяасан аврагч мэтээр ярьж, түүнийг Ерөнхийлөгч болох учиртай хэмээж байгаа бол цэргийн эргэлтээс хойш ганц удаа эфирээр гарахдаа генерал Сиссийг тахин шүтэх хандлага бий болголоо хэмээн шүүмжилснийхээ төлөө нутагтаа алдартай улстөрийн элэглэгч Бассем Юсеф эрүүгийн хэрэгтэн болчихоод байна. Энэ бүхэн юуг ёрлоно вэ. Эрх чөлөөний ордноос даваа гаригт гаргасан мэдээнд тэмдэглэснээр долдугаар сарын 3-нд гарсан цэргийн эргэлтээс хойш Египет оронд ардчиллын тусын тулд гэчихмээр нэг ч үйл явдал болсонгүй. Гэхдээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри тэгж бодохгүй байгаа бололтой. Тэрбээр өнгөрөгч ням гаригт Каир хотод хэдхэн цаг саатаад явахдаа цэргийнхний “түр” хэмээсэн ч бүр байж мэдэх төрийн бодлого, арга хэмжээнүүдийг магтан сайшаагаад барахгүй бүгдийн хүсэн хүлээж, найдаж байгаа ирээдүй ойрхон байна гэжээ. Ноён Керри яагаад ингэж дүгнэх болов. Ард түмний саналаар сонгогдсон төрийн тэргүүн нь хэдэн зуун хамтрагч, дэмжигчдийнхээ хамт улстөрийн хоригдол болж, шударга бус шүүхээр шүүгдэж байхад, хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг зогсоож, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Мохамед Эл Барадей, Аяман Нур нарын нэр хүндтэй улстөрчдийг Египетээс албадан гаргаж байхад яагаад Нэгдсэн Улсын Гадаад хэргийн сайд Үндсэн хууль, эрх зүй зэрэг үгсийг дурдсангүй вэ? Шулуухан хэлэхэд, Керри ердөө л Ерөнхийлөгч Обамагийн боловсруулж, Засгийн газраас нь есдүгээр сард зарласан бодлогын тиг шугамыг л дагасан нь энэ. Обамагийн Засгийн газар одооноос Ойрхи Дорнодод ердөө ашиг сонирхлынхоо цөмийг хадгална хэмээсэн нь үнэн хэрэгтээ элдэв ээдрээтэй асуудалтай нь дахиад зууралдахгүй гэсэн үг байв. Тэгээд ч Вашингтоны тус бүс нутагт хэрэгжүүлэх бодлогын жагсаалт гээчид газрын тос гэсэн үг байхаас биш ардчиллыг бэхжүүлэх юм уу хамгаалах тухай дурдаагүй билээ. Египетийн аюлгүйн алба эсэргүүцлийн жагсаалд оролцсон энгийн иргэд рүү галж нээсэн хэд хэдэн хэргийн дараа Цагаан ордныхон Каирын шинэ эрх баригчдаас зай барьж, F-16 зэрэг байлдааны онгоц ч нийлүүлэхээс татгалзсан. Жон Керри ч мөн энэ тухай Каирт айлчлахдаа дурдсан бөгөөд цэргийн эргэлтийн дараагаар Египетэд зэвсэг нийлүүлэх эсэх асуудлыг Конгрессийн түвшинд хэлэлцэхээр болсон тул нийлүүлэлтийг зогсоосон гэсэн товчхон тайлбар өгсөн юм. Юутай ч Египетийн засгийн эрхэнд хэн ч гарсан бай Америк тус улстай энгийн найрсаг харилцаатай байхыг л чухалчилж байгаа нь Керригийн үг, үйлдлээс илэрхий байна. Тэрбээр дэмжлэг туслалцаа үзүүлэх эсэх “ялихгүй” асуудлыг хэлэлцэхэд “нэг их” цаг зарцуулаагүй хэмээн бараг л учирласан, өршөөл эрсэн өнгөөр ярьсан. Морсигийн шүүх хурлын талаар бүр ам ч нээгээгүй. Харин ч цэргийнхний шинэ Засгийн газрын стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтийг баяртайяа хүлээж авав. Энэ нь генерал Сисси ба түүний нөхөд шинэ Үндсэн хуулийг өөрсдөдөө нийцүүлээд зогсохгүй ирэх сонгуульд ялна гэдэгтээ итгэл төгс байгааг харуулав. Керригийн энэ нөхөрлөл юунд хүргэхийг таашгүй ч Египет орны ирээдүй энэ айлчлалын дараа улам бүрхэг болсон нь одоогоор тодорхой байгаа ганц зүйл боллоо.
Сэтгэгдэл (0)