Намын байрны гадаа бөмбөг дэлбэрчээ
- 2013-11-07
- Дэлхий
- 0
БНХАУ-ын хойд хэсэгт орших Шаньси мужийн Тайюань хотын Коммунист намын байрны гадаахан хамрах хүрээ нь бага ч хэд хэдэн удаа дэлбэрэлт болж, нэг хүн амь үрэгдэн найман хүн шархаджээ. “Синхуа” агентлагийн мэдээлснээр дэлбэрэлтэд мөн хоёр машин сүйдсэн байна. Орон нутгийн цагаар өглөөний 07.40 цагт болсон эл хэргийг ямар этгээд эсвэл бүлэглэл үйлдсэн талаар одоогоор мэдээлэл алга байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэл Бээжин хотын төвд буюу Тяньаньмэний талбайд машин дэлбэрч таван хүн амь үрэгдсэн билээ. Энэ хэргээс хойш Хятад даяар хяналт, хамгаалалт чангарсан хэдий ч ийм явдал болсон нь олон нийтийг түгшээж байна. Нутгийн баруун хэсэгт орших Шинжаан нутгийн иргэд буюу үндэстний цөөнх уйгарчуудыг Тяньаньмэний хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа энэ үед дээрх дэлбэрэлтүүдийг мөн Уйгарын алан хядагчид үйлдсэн гэж Бээжин үзэж мэдэх юм. Албаныхны мэдээлс- нээр намын байрны орчимд нийт долоон дэлбэрэлт болсноос зарим нь барилгын урдах зам дээр болжээ. Хэргийн газраас цагдаа нар гараар хийсэн тэслэгч, хэд хэдэн жижиг тугалган бөмбөлөг олсон байна. Тэдгээрийг замын хажууханд нуусан байжээ. Дөрвөн сая хүнтэй Тайюань хот нь нүүрсний үйлдвэрлэлээр улсдаа дээгүүрт ордог юм.





















Сэтгэгдэл (0)