
Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30- 50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор эхний ээлжинд нийслэлд зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа таван байршилд бүрэн автомат автозогсоол хийхээр төлөвлөөд буй. Энэ ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн II хороо 31 дүгээр байрны урд 100 хавтгай дөрвөлжин метр талбайд 64 автомашины багтаамжтай загвар автозогсоол барихаар болжээ. Энэхүү зогсоол нь автоматжуулсан байх бөгөөд барилгыг каркасаар угсрах аж. Гагнуурын ажил хийх шаардлагагүй, эрэг боолтны тусламжтайгаар хялбархан угсардаг учраас богино хугацаанд ашиглалтад оруулах гэнэ. Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл болон хулгай зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж машинаа байрлуулах гэж цаг алдахгүй бүрэн автомат учраас зогсоолд байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэж гүйцэтгэгч компаниас танилцуулж байгаа юм. Одоогоор автозогсоол барих дээрх газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд шинжилгээний дараа барилга угсралтын ажил эхлэх юм байна.
Сэтгэгдэл (0)