
Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Георгий Маргвелашвили төрийн тэргүүний тангараг өргөснийхөө дараа одоогийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн амьдарч байгаа тансаг өргөө рүү нүүхгүй гэжээ. Тэрбээр кампанит ажлынхаа үеэр Саакашвили болоод бусад олон улстөрчийг улсын хөрөнгөөр туйлдаг, ард иргэдийн амьдрал ядуу тарчиг байхад төрийн ордон, Ерөнхийлөгчийн өргөө харшид хэтэрхий их мөнгө зарцуулдаг талаар нэг бус удаа шүүмжилж байсан юм. Саакашвилигийн зарлигаар барьж байгуулсан, шилэн орой бүхий Ерөнхийлөгчийн өргөөг шинэ төрийн тэргүүн ирэх жил нээгдэх Гүрж-АНУ-ын хамтарсан их сургуулийн байр болгох гэнэ. Харин АНУ- ын Элчин сайдын яам байрлаж байсан хуучны барилгыг Маргвелашвили Ерөнхийлөгчийн сууц болон Ерөнхийлөгчийн тамгын газар болгохоор төлөвлөжээ. Саакашвили 2004 онд Ерөнхийлөгчийн шинэ өргөө барих зарлиг буулгаж, шилэн оройт тансаг харш таван жилийн дараа ашиглалтад орсон юм. Албаны мэдээлэлд уг барилгыг 7.8 сая ам.доллараар барьсан гэдэг ч Гүржийн сөрөг хүчин нийт зардлыг нь үнэндээ гурав дахин их байсан гэж үздэг юм.

Сэтгэгдэл (0)