
Иргэний дайнтай байгаа Сирийн сөргөлдөгч талуудыг хэлэлцээний ширээний ард суулгахаар НҮБ болон Арабын лигээс томилсон тусгай хороо тус улстай ойрын холбоотой улс орны албаныхантай зөвшилцсөөр байгаа билээ. Тус хорооны төлөөлөгч Лакдар Брахими энхийн хэлэлцээг энэ сард багтаан Женев хотод зохион байгуулахаар холбогдох албаныхантай дахин уулзсан ч тохиролцоонд хүрч чадаагүй байна. Тэрбээр энхийн хэлэлцээ хойшилсон тухай мэдэгдэхдээ хэлэлцээг энэ онд багтаан хийх зорилт нь хэвээр байгаа гэжээ. Брахими энхийн хэлэлцээнд гол зуучлагчаар оролцох АНУ, ОХУ-ын дипломат төлөөлөгчидтэй энэ сарын 25-нд дахин уулзахаар болсон байна. Өчигдрийн уулзалтад Брахими АНУ-ын Төрийн нарийн бичгийн дэд дарга, ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нараас гадна НҮБ- ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны төлөөлөгчидтэй уулзаж Сирийн асуудлаар хэлэлцсэн байна. Энхийн хэлэлцээ зохион байгуулах санаачлагыг өнгөрөгч тавдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн гаргаж, хэлэлцээг арваннэгдүгээр сарын дундуур хэмээн товлоод байсан ч ийнхүү зөвшилцөлд хүрч чадахгүй байна.
Сэтгэгдэл (0)