Европын Еврейчүүд түгшиж байна

-Тэдний гуравны нэг нь цагаачлах хүсэлтэй -

Европын холбооны Хүний эрхийн хорооноос холбооны гишүүн орнуудад аж төрдөг еврей иргэдийн дунд явуулсан санал асуулга ийм базаахгүй дүнтэй гарчээ. Судалгаанд хамрагдагсдын 66 хувь нь еврей хүнд таагүй хандах хандлагыг биеэрээ мэдэрсэн гэсэн бол 76 хувь нь энэ үзэгдэл улс оронд нь сүүлийн таван жилд бүр ч дордсон гэсэн байна. Санал асуулгын дэлгэрэнгүй тайлантай танилцахад бүр ч түгшүүртэй дүр зураг ажиглагдана. Европын еврейчүүдийн 29 хувь нь өөрт нь аюул заналхийлж байгаа мэт санагддагаас сүүлийн таван жилийн хугацаанд өөр улс орон руу цагаачлах тухай бодох болсон гэсэн бол зургаан сая еврей хүнийг хүйс тэмтэрсэн Холокостыг худал түүх гэж үздэг хүмүүстэй таарч байсан гэж 57 хувь нь хариулжээ. Харин өнөөгийн израильчууд палестинчуудад яг л нацистууд шиг ханддаг гэсэн бодолтой хүмүүстэй 82 хувь нь таарч байжээ. Ийм хандлага хамгийн их буюу 61 хувьтай гарсан нь Бельги орон. Бусад сонирхолтой тоог дурдахад, Унгарын еврейчүүдийн 75 хувь нь “Еврейчүүд дэлхийг эзлэх нь” гэх үгийг бусдын амнаас сонсож байсан гэсэн бол нийт Европын еврейчүүдийн 27 хувь нь ердөө еврей хүн болохоороо тодорхой хэдэн газарт очихоосоо айдаг тухайгаа ярьсан байна. Судалгааны хамгийн таагүй мэдээ нь үндэс угсаа, шашны ялгаварлал, түүнээс үүдсэн сэтгэл санааны болоод биеийн хүчирхийлэлд хохирсон еврейчүүдийн 76 хувь нь энэ тухайгаа хууль, цагдаагийнханд мэдээлж байгаагүй аж. Тэдний бүр 64 хувь нь бие махбодоороо ялгаварлал, үзэн ядалтын хохирогч болж байсан гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)