
Филиппиний арлуудыг дайрсан Хаиян хар шуурганд тус улсын ердөө нэг бүс нутагт гэхэд л багаар бодоход 10 мянган хүн амиа алдсан байх магадлалтай гэж албаныхан мэдээлэв. Одоогоор тэмдэглэгдээд байгаа хамгийн хөнөөлтэй хар салхины нэг энэхүү шуурганд нутгийн зүүн хэсэгт орших Таклобан хот хамгийн их сүйджээ. Хотын хэдэн мянган өрх, хэдэн арван сургууль, цэцэрлэг болон нисэх онгоцны буудал нь бүхэлдээ сүйдээд байна. Зэргэлдээх Самаар арал мөн ихээхэн хохирол амсаж, 300 хүн амь үрэгдсэн, 2000 хүн сураггүй болсон гэх мэдээтэй байна. Хар салхинаас амьд үлдсэн хүмүүсийн хувьд ундны цэвэр ус, гэрэл цахилгаан, хоол хүнс хүрэлцээгүй хүндхэн байгаа тухай Филиппиний албаныхан мэдээлж хар шуурганд нэрвэгдсэн нутгийнханд туслахыг ард иргэдээсээ болон олон улсаас хүсчээ. Одоогоор АНУ хүнсний тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа бол Европын хороо гурван сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлж, хүмүүнлэгийн ажилтнууд илгээхээр болжээ. Мөн Их Британи Улс найман сая ам.доллар, НҮБ майхан, хүнсээр туслахаа мэдэгдээд байна. Хаиян хар салхи одоо Вьетнамыг чиглэсэн бөгөөд тус улсын хойд мужуудаас 600 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Вьетнамын эрэг дагуух нутагт хар салхинаас болж дөрвөн хүн амь үрэгдсэн мэдээ байна.
Сэтгэгдэл (0)