Израйлийн таамаг ба Ираны байдал

Иран Улсыг цөмийн зэвсэг тэй болгохгүйн тулд хэрэв шаардлагатай бол олон улсын тавцанд ганцаараа тэмцэхэд бэлэн гэдгээ Израилийн тал мэдэгдээд байна. Цөмийн хөтөлбөрөө ердөө энхийн үйлсэд зориулагдсан, эрчим хүч, анагаахын салбарт л ашиглана хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа Тегераны албаныхан өнгөрсөн пүрэв, баасан гаригуудад Женев хотноо зургаан талт хэлэлцээнд оролцсон ч цөмийн хөтөлбөрөө аюулгүй гэдгийг олон улсад бас л батлан харуулж чадсангүй. Талууд зөвшилцөлд хүрээгүй бөгөөд энэ сарын 20-нд дахин цуглахаар болжээ. Харин иранчуудтай ярилцаад ч нэмэргүй гэж үзэж байгаа Израилийн эрх баригчид энэ хэлэлцээг Иранд ашигтай байх вий гэж эмээж байна.

Тэдний хардлага, таамгуудыг бодит байдалтай харьцуулж үзье.


Хардлага: Өнгөрсөн сарын 27-ны Засгийн газрын хуралдаанд Израилийн Ерөнхий сайд Бэньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийг сүүлийн нэг жилийн хугацаанд хурдацтай шат ахисан гээд баяжуулсан ураных нь хэмжээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 20 хувиасаа хэдийнээ давсан гэсэн юм. Түүний авсан мэдээллээр бол энэ тоо хэдхэн долоо хоногийн дотор 90 хувьд хүрэх аж. 90 хувиар баяжуулсан уран гэдэг гагц зэвсэг үйлдвэрлэхэд л зориулагдсан эд билээ.

Бодит байдал:
Түүний хэлсэн 20 хувиар баяжуулсан уран бол одоогоор түүхий эд төдий. Цөмийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нэг цөмийн зэвсэг бүтээх дайны ураныг 90-ээс илүү хувиар баяжуулахад багаар бодоход 250 кг уран хэрэгтэй. Тэгээд ч үүнд хугацаа шаардлагатай бөгөөд наанадаж л хагас жил зарцуулна. Харин шат ахисан гэсэн үгээрээ уран баяжуулалтын хурдыг нэмэх хэд хэдэн хурилдуур өнгөрөгч онд суурилуулсныг хэлж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр тэдгээрийн нэг нь ч одоогоор ажиллахгүй байгаа аж.

Хардлага: Дээрх хуралдаанаар Нетаньяху мөн Арак хотод байгуулж байгаа Ираны асар том усны реакторыг эрчим хүчтэй огт холбоогүй бүтээн байгуулалт гэжээ.

Бодит байдал:
Ираны төв хэсэгт баригдаж байгаа энэхүү реактор нь усыг хөргөгч болгон ашиглах бөгөөд байгальд ээлтэй байж, баяжуулаагүй ураныг шатахуун болгох боломжтой юм. Хэдийгээр уг реакторын боловсруулах плутонийг цөмийн зэвсэг бүтээхэд ашиглаж болох ч одоогоор Иранд байхгүй баяжуулалтын систем шаардлагатай болно. Тэгээд ч тус реакторт 24 цагийн хяналтын бичлэг хийх зөвшөөрлийг Тегераны албаныхан НҮБ-ын харьяа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт олгосон билээ.

Хардлага:
Израилийн Төрийн аюулгүйн зөвлөл өнгөрсөн сарын 15-нд хийсэн мэдэгдэлдээ Ираныг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс баталсан хоригуудыг дагаж мөрддөггүй гэв.

Бодит байдал:
Иранаас уран баяжуулахаа зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн анхны хориг 2006 оны долдугаар сард батлагдсан. Иранчууд хоригийг эсэргүүцэж, уранаа баяжуулсаар байсан төдийгүй тухайн үед нууц байсан баяжуулалтын үйлдвэрээ Тегераны өмнөд талын ууланд барьж эхэлсэн. Харин Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас гаргасан удаах хоригт Тегераны албан мэдээллүүдээс тусгаагүй бөгөөд энэ нь дараа дараагийн олон хатуухан хоригийн эхийг тавьсан юм. Хэдийгээр тэдгээр хориг одоогоор хүчин төгөлдөр байгаа ч АНУ болон түүний холбоотнуудын Ирантай эхлүүлсэн хэлэлцээний дүнд албан бусаар зөөлрөөд байгаа. Мөн уран баяжуулалтыг нь НҮБ хянах болсон билээ. НҮБ-ын Зэвсэг үл дэлгэрүүлэх тунхагт Иран нэгдсэн бол цөмийн зэвсэгтэй гэгддэг Израиль тунхагт өнөө ч гарын үсэг зураагүй билээ.

Хардлага: Израилийн Төрийн аюулгүйн зөвлөл Ираныг 2006 онд 164 байсан баяжуулалтын хурилдуураа 18 мянга болтол өсгөсөн гэв. Бодит байдал: Энэ бол бодит баримт. Гэхдээ эд бүгдээрээ бүрэн ажиллагаатай биш бөгөөд 10 мянга орчим нь л цөмийн түлш үйлдвэрлэхэд ашиглагддаг гэдэг. Хардлага: Иран цөмийн дэвшилтэт технологитой болохыг зорьдоггүй нь гарцаагүй цөмийн зэвсэг бүтээх аргаа хэдийнээ олсных гэж израильчууд үздэг.

Бодит байдал: Үгүйсгэх аргагүй ч энд өөрсдийн цөмийн баазгүй атлаа уран баяжуулдаг таван улсыг нэрлэхэд хангалттай зөвтгөл, тайлбар болох биз ээ. Тэр таван улс бол Аргентин, Бразил, Герман, Япон, Нидерланд юм.

Хардлага: Аравдугаар сарын 6-ны Засгийн газрын хуралдаанд Нетаньяху “Нэг ч хурилдуургүй атлаа цөмийн эрчим хүчийг зөвхөн энхийн зорилгоор ашигладаг 16 улс бий. Тэдгээр орон гаднаас цөмийн түлш авдаг” гэв.

Бодит байдал:
Энэ бол үнэн баримт. Уг жагсаалтад Канад, Бельги, Өмнөд Африк зэрэг улс багтдаг.

Хардлага: Аравдугаар сарын 3-нд өгсөн ярилцлагадаа Нетаньяху Ираныг Израильд хүртэл тусгаж чадах пуужинтай гээд одоо АНУ-д хүрэх чадалтай алсын тусгалтат пуужин хийж байгаа гэжээ.

Бодит байдал: Иран Улс “Шахаб-3” пуужингаа 2000 км дотор тусах хүчин чадалтай гэж мэдэгдсэн. Үүнд Ойрхи Дорнодын ихэнх хэсэг, Израиль ч мөн багтана. Сансрын хөтөлбөрийнхөө хүрээнд иранчууд хэд хэдэн хиймэл дагуул, амьтан хүртэл сансарт нисгээд байгаа. Энэ нь барууны орнуудыг түгшээж байгаа хэдий ч одоохондоо Америкт хүрэх алсын тусгалтат пуужин хийх бололцоо иранчуудад байхгүй гэж ажиглагчид үздэг. Тийм санаа ч байхгүй гэдэгт олон улс итгэж байгаа. Тэгэхээр Ираны цөмийн зэвсгийн асуудлыг тойрсон маргаан, таамаглалууд бол гагцхүү эрх нөлөөний асуудал бөгөөд Израиль төдийгүй өрнийн орнууд аливаа асуудалд шударга хандах цаг нь иржээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)