
Тодорхой болзлуудыг нь хүлээн зөвшөөрвөл Женевт болох энхийн хэлэлцээнд оролцоно гэдгээ Сирийн сөрөг хүчнүүдийн гол эвсэл мэдэгдлээ. Сирийн үндэсний эвсэл нэртэй уг улстөрийн хүчин иргэний дайнд нэрвэгдсэн бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж хүргэж, улстөрийн хоригдлуудыг суллахыг шаарджээ. Харин хэлэлцээ хийхийг хэдийнээ зөв- шөөрөөд байгаа Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газар Женевт товлогдсон энхийн хэлэлцээнээс өмнө ямар ч шаардлага, болзол хүлээж авахгүй гэж мэдэгдээд байна. Энхийн хэлэлцээнд НҮБ, АНУ, ОХУ зуучлагчаар оролцож байгаа бөгөөд саяхныг хүртэл зөвшилцөлд хүрч чадахгүй байсан Сирийн сөрөг хүчнүүдээс анх удаа шийдвэр гарч байгаа нь энэ юм. Сирийн үндэсний эвсэл бүтэн хоёр өдөр Истанбулд хуралдсаны эцэст ийм шийдвэрт хүрчээ. Ерөнхийлөгч аль- Ассадыг эсэргүүцэн боссон ард иргэдийн тэмцэл 2011 оны гуравдугаар сараас зэвсэгт мөргөлдөөн болон даамжирч, иргэний дайнд хүрсэн юм. Тэр цагаас хойш Сирид 10 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ орхиод байна. НҮБ- ын сүүлийн мэдээгээр есөн сая сири хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа билээ
Сэтгэгдэл (0)