
Филиппинийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Хаиян хар салхинд нэрвэгдсэн бүс нутгийн иргэдийг тун бэрх нөхцөлд байна, хулгай дээрэм газар авч, эмх замбараагүй байдал үүссэн, ундны ус, хоол хүнсгүй удвал тэд биесээ ч хөнөөж мэднэ гэжээ. Хар салхинд 10 мянган хүн амь үрэгдэж, 630 мянган хүн орон гэргүй болж, дөрвөн сая хүн нэрвэгдсэн гэсэн мэдээ байна. Хаиян хар салхи өнгөрөгч баасан гаригт Филиппиний төв хэсгийн зургаан арлыг дайрсан бөгөөд цааш Вьетнамын хойд эрэгт хүрч, Хятадын хил рүү дөхсөн ч одоо хүч нь суларч ердийн шуурга болжээ. Филиппиний албаныхны мэдээлснээр Хаиян дайран өнгөрсөн нийт газрын 80 хувь бүрэн сүйдсэн байна. Гамшигт нэрвэгдэгсдэд тусламж хүргэхээр Филиппиний болоод олон улсын томоохон багууд ажиллаж байгаа хэдий ч ихэнх зам эвдэж сүйдсэн, төв замын дагуух бүх байшин барилга нурсан, гэрэл цахилгаан тасарсан зэргээс болж гамшгийн төв Таклобан болон зэргэлдээх хот, тосгодод хүрэхэд бэрхшээлтэй хэвээр байна.
Сэтгэгдэл (0)