Тэрэлжийн чиглэлийн замыг нээлээ


Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт олон улсын авто замын сүлжээнд нэгдэн орсон чиглэлүүдийг барьж дуусгах, аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, авто замын салбарын үндэсний компаниудыг бодлогоор дэмжин ажиллах зорилт тавьсан. Уг ажлынхаа хүрээнд байгалийн үзэсгэлэнт цогцолбор газруудын дэд бүтцийг сайжруулах, аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болох Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 километр зам, Налайх-Агуйтын хөтөл чиглэлийн 24.1 километр замуудын эх засвар, шинэчлэлтийн ажлыг амжилттай гүйцэтгэж, ашиглалтад оруулах ёслолын арга хэмжээг өчигдөр зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Зам тээврийн сайд А.Гансүх, УИХ гишүүн Ж.Батзандан болон замын ажлыг гүйцэтгэсэн компанийн төлөөлөл оролцон тууз хайчилж, аян замын ерөөл дэвшүүлэн сүү өргөлөө. Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлыг өнгөрөгч оны долдугаар сарын 23- наас эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэгчээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Дафенг” ХХК шалгарч, гэрээт ажлыг 12.79 тэрбум төгрөгөөр хийсэн байна. “Дафенг” ХХК гүйцэтгэх захирал Цуй Жиэн Зун хэлэхдээ “Авто замын шинэчлэлийн ажлын эхний таван километр авто замын уламжлалт технологиор гүйцэтгэж, зургийн даалгаварт заасны дагуу байгаль орчныг хамгаалах зорилгоор дараагийн 24 километр замыг газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологиор хийсэн. Замын хуучин хучилтыг 25 сантметрт хөрс боловсруулагч ресайклер машинаар дахин боловсруулж лобараториор тогтоосон цементийн орцоор бэхжүүлсэн. Дөрвөн сарын хугацаанд амжилттай хийсэн. Хоёр жилийн баталгаатай өгч хамтран ажилласан” гэв. Уг авто замууд шинэчлэгдэн сайжирснаар аялал жуулчлалын бүс нутаг болох байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлж болон их эзэн Чингис хааны хөшөө Цонжинболдогийн цогцолборыг зорих жуулчид нэмэгдэх боломжтой гэдгийг Зам тээврийн сайд А.Гансүх онцолж байлаа. Түүнчлэн зүүн чиглэлийн аймгуудад зорчих зорчигч тээврийн хөдөлгөөний тав тухтай, аваар осолгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм.







С.ИЧИНХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)