
Колумбын хэт зүүний үзэлт зэвсэгт босогчдын Фарк бүлэглэл Ерөнхийлөгч асан Альваро Урибыг хөнөөхөөр зэхэж байсан нь илчлэгджээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Хуан Карлос Пинзоны хэлснээр тусгай албаныхан өмнөх төрийн тэргүүнтэй биечлэн уулзаж болзошгүй аюулын талаар сэрэмжлүүлэн хамгаалалтыг нь чангаруулсан байна. Уриб сүүлийн нэг жилийн хугацаанд үргэлжилж байгаа Фарк болоод эрх баригчид хоорондын энхийн хэлэлцээг эсэргүүцэгч бөгөөд хагас зуун жил хууль завхруулж, гэм зэмгүй олон хүний аминд хүрсэн алан хядагчидтай төр засгийн удирдлагууд хэлэлцээний ширээний ард суух ёсгүй гэсэн юм. Тэрбээр ирэх оны Сенатын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ. Урибын эцэг 1983 онд фаркийнхны гарт алагдсан бөгөөд 2002-2010 онд хоёр ч бүрэн эрхийн хугацаанд Колумбын Ерөнхийлөгч байхдаа тэрбээр босогчдын эсрэг хэд хэдэн томоохон цэргийн ажиллагаа явуулж байсан юм. Колумбын Үндэсний түүхийн төвийн судалгаагаар Фарк бүлэглэлийн зэвсэгт тэмцлээс болж сүүлийн 50 жилд 220 мянган хүн амь үрэгджээ.
Сэтгэгдэл (0)