
Афганистаны хар тамхины гол ургамал болох намуу цэцгийн тариалалт урьд байгаагүйгээр нэмэгдсэн талаар НҮБ мэдээллээ. Тус байгууллагын Хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн судалгаагаар тус улс дахь хар тамхины тариалалт өнгөрөгч оныхоос 36 хувиар буюу 154 мянган га-гаас 209 мянган га хүртэл өссөн нь дэлхий дахинд хар тамхины хэрэглээ, хууль бус наймаа нэмэгдсэн байх магадлалтай гэх хардлагыг төрүүлж байна. 200 гаруй мянган га газарт тариалсан намуу цэцэг гэдэг дэлхий даяарх хар тамхины үйлдвэрлэлд 49 хувийн өсөлт гарч, 5500 тоннд хүрсэн гэсэн үг бөгөөд энэ нь одоогийн дэлхий дахины хэрэглээнээс их гэсэн үг юм. Тариалалт хамгийн ихээр нэмэгдсэн бүс нь британи цэргүүд өнөө маргаашгүй орхин гарах гэж байгаа Хелманд муж аж. Энэ мужид энхийг сахиулагчид нэвтрүүлсэн гол шалтгааны нэг нь хар тамхины тариалалт, борлуулалтыг таслан зогсоох байсан юм. Харин хар тамхи тариалдаг гол бүс нутагт багтаж байсан Фариаб, Баалх мужууд намуу цэцэг тариалахаа больсон байна. Афганистан Улс дэлхийн хар тамхины 90 хувийг нийлүүлдэг юм.
Сэтгэгдэл (0)