Ухаа худагт - Гашуун сухайт чиглэлийн төмөр зам 2015 онд ашиглалтанд орно

“Шинэ төмөр зам” төслийн ажлын явцын талаар Зам тээврийн яамны Төмөр замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Б.Артуртай ярилцлаа.

-“Шинэ төмөр зам” төслийг “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон. Энэ санхүүжилтээр ямар ажил гүйцэтгэх вэ?
-“Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтад ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаа. “Чингис” бондоос төмөр замын бүтээн байгуулалтад нийт 400 сая ам.долларын санхүүжилт өгөхөөс эхний ээлжинд 200 саяыг нь олгох тухай Засгийн газрын 82 дугаар тогтоол гарсан. Энэ санхүүжилтээр төслийн техник эдийн засгийн үзүүлэлтээр Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлд барьж буй төмөр замын суурь бүтцийн барилгын ажил, зүүн чиглэлд барих төмөр замын техникийн зураг төсөл зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм.

-”Шинэ төмөр зам” төслийн ажлын явц ямар байгаа вэ. Хэр олон хүн ажиллаж байна?
-Өнөөдрийн байдлаар Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн газар шорооны ажлын гүйцэтгэл 65 орчим хувьтай байна. Барилга угсралтын талбайд нийт 605 техник, машин механизм, 1200 орчим хүн ажиллаж байна. Төслийн зөвлөхүүдээ сонгон шалгаруулж, ажилдаа ороод байна. Зөвлөхүүдийн тухайд хуулийн зөвлөхөөр “Sidley Austin” LLP, санхүүгийн зөвлөхөөр “BNP Paribas” болон АНУ-ын “Guggenheim International” компанийн хамтарсан түншлэл, хяналтын зөвлөхөөр Германы төмөр зам буюу “Deutsche Bahn” компани, техникийн зөвлөхөөр “Nippon Koei” компанитай тус тус гэрээ байгуулан ажиллаж байна. Зүүн чиглэлд барих төмөр замын зураг төслийн ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.

-Энэ төслийн хүрээнд өнгөрсөн хавраас газар шорооны ажил эрчимтэй өрнөж эхэлсэн. Төсөл саатсан гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөөч?
-“Шинэ төмөр зам” төслийн нэг хэсэг болох Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах ажил өнгөрсөн хавраас эхэлсэн. Энэ төслийн онцлог нь түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлтэй байгаа. Барилгын ажил саатаагүй. Гэрээний дагуу газар шорооны ажлыг 2014 оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөсөн.

-Төслийн ажил төлөвлөсөн хугацаандаа дуусах боломжтой юу?

-Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг чанартай барьж, хуваарьт хугацаандаа буюу 2015 оны аравдугаар сард дуусна. Газар шорооны ажлын гүйцэтгэлийн хяналтыг талбай дээр нь хийж байгаа. Өөрөөр хэлбэл, далангийн нэг үеийг нягтруулж дууссаны дараа мэргэжлийн хяналтын байгууллага далангийн нягт, даац авах чадвар, хөшүүн чанарыг тодорхойлдог. Энэ гурван шаардлагыг биелүүлснээр далангийн дараагийн үеийг барьж эхэлнэ. Хэрвээ дээр хэлсэн шаардлагыг хангаагүй нөхцөлд яг юуг дутуу хийснийг тодорхойлон дахин хийж гүйцэтгүүлнэ. Харин зүүн чиглэлд барих төмөр замын хувьд энэ ондоо зураг төслөө эцэслэн гаргаад ирэх оны долдугаар сар гэхэд барилгын ерөнхий гүйцэтгэгчээ сонгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Цаашид баруун талд босоо тэнхлэгээр төмөр зам тавих төлөвлөгөө байгаа гэсэн. Энэ талаар тодруулаач?
-2010 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” баталсан. Бодлогоор гурван үе шатаар нийтдээ 5600 орчим км төмөр замын суурь бүтэц барьж байгуулахаар байгаа. Гуравдугаар үе шатны буюу баруун босоо чиглэлийн төмөр замын замналыг тодорхойлох ажлын хэсгийг холбогдох яам болон бусад байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Одоогоор энэ ажил судалгааны төвшинд явж байна.

-Ажлын явцад хүндрэл, бэрхшээл тохиолдож байгаа эсэх талаар гүйцэтгэгч компаниуд юу хэлж байх юм?

-Асуудалгүй, хүндрэлгүй зүйл гэж байхгүй. Бага зэргийн асуудал байсан. Трансын дагуу хэд хэдэн газрын асуудал бий. Түгээмэл тархацтай ашигт малтмал, ус ашиглах зөвшөөрөл авахад орон нутгаас бага зэргийн асуудлууд гарч ирсэн. Гэхдээ бид ерөнхийдөө шийдэлд хүрээд байна.

-Байгаль орчны тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Бид төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэхдээ байгаль орчны асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа. Үүгээрээ ч бусад байгууллага, компаниудад үлгэр дууриалал болох ёстой гэж үздэг. Тийм учраас бид байгаль орчинд анхаарч ажиллаж байна. Техникийн зөвлөх “Nippon Коей” компанийн удирдлагад дотоодын “Natural Sustainable” компани байгаль орчны үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэж байгаа. Одоо төлөв байдлын суурь үнэлгээг хийж дуусаад нарийвчилсан үнэлгээний шатанд явж байна. Мөн Зам, тээврийн яам БОНХЯ-ны Нүүдлийн гарам гарцны шинэ стандарт тогтоох ажлын хэсэгт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл оролцон ажиллаж байна. Ойрын үед цагаан зээр болон бусад амьтдын нүүдлийн асуудлаар дэлхийн байгаль хамгаалах сан, бусад гадаад болон дотоодын зэрлэг амьтдыг хамгаалах талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хамтарсан санал солилцох хурлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

-Нутгийн иргэд газраа чөлөөлөхгүй гэсэн мэдээлэл байсан. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Зарим аж ахуйн нэгж гурван тэрбум, айл өрхүүд 150 сая төгрөг хүртэл нэхэмжилсэн тохиолдол бий. Ийм хэмжээний мөнгөөр газар чөлөөлөх боломжгүй. Нутгийн иргэд болон малчид “Шинэ төмөр зам” төслийг Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Энэ төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт сайжирч, шороон замын тээвэр зогсч тэр хэрээр байгаль экологио хамгаална гэсэн үг. Өнгөрсөн долдугаар сард Ерөнхий сайдын албан даалгавар гарч орон нутгийн бүх шатны удирдлага өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж ажилла гэсэн чиглэлийн дагуу орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

С.ИЧИНХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • artyr (103.26.193.8)

    2014-07-14

    bi hujaagiin *****. yu ovogtoishuu

  • Асуулт (103.26.194.50)

    2013-11-15

    Нарийн будуун царигийнхаа асуудлыг хэзээ шийдуулэх вэ?