“Нэг хүүхэд” бодлогыг өөрчилснөөс үүдэх үндсэн зургаан үр дагавар
- 2013-11-18
- Дэлхий
- 0
33 жил хэрэгжсэн гэр бүл нэг л хүүхэдтэй байна гэсэн хуульд Хятадын эрх баригчид нэмэлт өөрчлөлт оруулснаар тус улсын цөөнгүй гэр бүл хоёр хүүхэдтэй болох боломж нээгдэв. Гэхдээ үүнийг дэндүү оройтож гаргасан шийдвэр гэж үзэх хүн ам зүйч олон байна. Хуульд оруулсан шинэ нэмэлт заалт ёсоор эхнэр, нөхрийн нэг нь айлын ганц хүүхэд бол тэр айл хоёр хүүхэдтэй болж болно. Энэ нь Хятадын хүн амын гуравны нэг хэсэгт буюу хот суурин газарт аж төрдөг хан хятадуудад үйлчлэх хууль юм. Харин хөдөө нутагт амьдардаг, үндэстний цөөнх болон эхнэр, нөхөр хоёул айлын ганц хүүхэд хэдийнээ хоёр хүүхэдтэй болох эрхтэй болсон билээ. АНУ-ын судлаачдын тооцоогоор “нэг хүүхэд” бодлого өөрчлөгдсөнөөр Хятадад нэг жилд төрөх нярайн тоо 9.5 саяар нэмэгдэж, тус улсын нийгэм, эдийн засгийн өнгө төрх бүхлээрээ өөрчлөгдөх төлөвтэй байна. Тэд дараах зургаан өөрчлөлтийг хамгийн чухал нь хэмээн онцолжээ.АЖИЛЛАХ ХҮЧИН НЭМЭГДЭНЭ
Хятад Улс хөдөлмөрийн насны 930 орчим сая иргэнтэй бөгөөд өнгөрөгч онд энэ тоонд олон арван жилийн хугацаанд анх удаа буурах хандлага ажиглагдсан нь мөнөөх “нэг хүүхэд” бодлоготой холбоотой юм. Бага, залуу насныхны тоо буурснаар 40, 50 настнууд болон тэтгэврийн насныхан хүн амд жин дарах болж, ердөө 20-иодхон жилийн дараа буюу 2030 онд Хятадын хүн амын дөрөвний нэгийг 60-аад насныхан эзэлнэ гэсэн тооцоо гарсан билээ. Харин хүн ам зүйн бодлогод өөрчлөлт гарснаар энэ тоог ялигүй бууруулж мэдэх юм. Мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар хүн амын өсөлтийг хүчээр барих гэсэн 30-аад жилийн бодлого хэдэн арван жилдээ арилахааргүй ул мөр үлдээсэн бөгөөд зарим айл хоёр хүүхэдтэй болоод ч 2025 оноос жил тутам 10 саяар хорогдох хөдөлмөрийн насныхны тоог нэмэгдүүлж чадахгүй гэнэ. Гэвч огт хийгээгүй байснаас ядаж оройтсон нь дээр гэдэг дээ.
ХЭРЭГЛЭЭ, ЗАРЛАГА ӨСНӨ
Хүн ам өссөнөөр хүүхдийн сүү, хоол хүнс, хувцас хэрэглэл зэргийн борлуулалт нэмэгдэж, боловсролын салбар дэвжин дээшилнэ. Ингэснээр экспортод тулгуурласан Хятадын эдийн засаг иргэдийн хэрэглээнд түшиглэсэн эдийн засаг болж, өсөлт тогтворжиход нөлөөлнө. Иргэдийн худалдан авах чадварыг дээшлүүлж, зарлагыг нь өсгөх нь тус улсын эрх баригчдын өнөө хэрэгжүүлж буй санхүү, эдийн засгийн бодлогын гол зорилтын нэг билээ.
ИЛҮҮ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛНО
"Нэг хүүхэд” бодлогод өөрчлөлт оруулснаар илрэх хамгийн чухал зүйл бол иргэний эрх бага зөрчигдөж, иргэн хүн хувьдаа ч, гэр бүлдээ ч илүү аз жаргалтай болох юм. Олон улсын хүний эрхийн байгууллагууд эмэгтэйчүүдийг хүчээр үр хөндүүлдэг, гэр бүлд зөрчил үүсгэдэг, бага насны хүүхдийг ганцаардуулдаг зэрэг сөрөг үр дагаврыг нь онцолж “нэг хүүхэд” бодлогыг шүүмжилсээр ирсэн. Харин дээрх шинэчлэл эдгээрийг өөрчилж байгаа нь олзуурхууштай юм.
ХҮЙСИЙН ЗӨРҮҮ ОЙРТОНО
Хан үндэстэн дорнын олон үндэстний адилаар удам залгах нуган үрийг охин хүүхдээс илүүд үзэж ирсэн нь “нэг хүүхэд” бодлоготой сүлэлдэж, хүн амд “эрүүл бус” тэнцвэрийг үүсгээд байгаа. Эл бодлого хэрэгжсэн 33 жилийн хугацаанд хүйсийн энэ зөрүү хамгийн их байсан нь 2004 он бөгөөд тус онд 121 хүү тутамд ердөө 100 охин мэндэлсэн байна. Энэ нь 2020 он гэхэд гэрлэх насны эрчүүд эмэгтэйчүүдээсээ 30-35 саяар илүү байна гэсэн үг юм. Айлууд хоёр хүүхэдтэй болоод ч энэ “аймшигт” үзэгдлийг арилгахгүй. Гэхдээ охид арай илүү төрөх нь тодорхой юм.
АМЬДРАХ ОРЧИН САЙЖИРНА
Ах, эгч, дүүгүйгээсээ болж 34-өөс дээш насны хятад хосууд хоёр талынхаа эцэг эхийн хөрөнгийг дангаараа өвлөж байна. Тэд хүн суухгүй олон байраа худалдахаас өөр аргагүй болно. Энэ нь томоохон хот суурингуудад байрны үнийг тэнгэрт хадааж, орон сууцны зах зээлийг уналтад оруулаад байна. Харин өв залгамжлагч нэмэгдсэнээр энэ байдал бага ч атугай дээрдэж, орон сууцны үнэ буурах нь алсдаа дундаж орлоготой олон өрхийн аж амьдралыг сайжруулах юм.
БАЙГАЛЬ ОРЧИН ТУЙЛДАНА
Энэ жагсаалт дахь хамгийн таагүй өөрчлөлт бол энэ. “Нэг хүүхэд” бодлогыг батлахад хүргэсэн урьтал хүчин зүйл нь юуны урьд байгаль орчны доройтол байсан юм. Хүн амын хэт өсөлт нь хүнсний гачигдал, байгалийн бохирдолд хүргэж байснаас эдийн засгаа хөл дээр нь босгохын тулд Хятадын эрх баригчид ийм хууль баталсан билээ. Харин хоёр хүүхэдтэй айлын тоо өссөнөөр хоол хүнс, цэвэр ус, орон сууцны эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Хятадад нэг хүнд ногдох тариалан эрхлэх боломжтой газрын хэмжээ дэлхий дахины дунджаас 60-аад хувиар бага байгаа нь хэдийнээ бэрхшээл болоод байгаа бол 2030 он гэхэд ундны цэвэр усны хомсдол нүүрлэнэ гэж тус улсын Засгийн газар тооцоолж байгаа билээ.
Г.ЛХАГВАДУЛАМ

Сэтгэгдэл (0)