Сноудены Орост хүргэсэн тус
- 2013-11-19
- Дэлхий
- 0
АНУ-ын тагнуулын албаны ажилтан асан Эдуард Сноудений задруулсан нууц мэдээллүүд саяхныг хүртэл Хятадад хамгийн их хожоотой байв. Америкчууд интернэт хэрэглэгчдийн мэдээллийг дэлхий даяар танддаг байсныг Сноуден задруулснаар тусгай компьютеруудад нь нэвтэрсэн гэж Бээжинг сэрдэж байсан Вашингтоны албаныхны өмнө хятадууд хэлэх үгтэй, хариу асуулттай болсон юм. Харин саяхнаас Сноудений задруулсан мэдээллүүд оросуудад ч бас ашиг тусаа өгч эхлэв. Хамгийн илэрхий жишээг дурдвал, өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассаблей Оросын талаас өргөн барьсан мэдээллийн аюулгүй байдлын асуудлаархи хориг тунхагийг баталсан нь чухамдаа Сноудентэй холбоотой билээ. Эл тунхагт Оросын төрийн бодлогод хамаатай олон чухал заалт багтсаны дотор юуны өмнө энд америкчуудынх шиг “цахим ертөнцийн аюулгүй байдал” гэж заагаагүй, харин “мэдээллийн аюулгүй байдал” гэж өргөн царааг хамруулсныг онцлох хэрэгтэй. Энэ нь мэдээж хэрэг, зөвхөн нэр томъёоны асуудал биш бөгөөд цахим ертөнцөөс үүдэлтэй олон асуудлыг шийдэхэд зөвхөн цахим гэсэн утгаар нь биш гагцхүү мэдээлэл түгээгч гэсэн үндсэн утгаар нь шийдвэрлэхэд тус дөхөм болж, ядаж л олон улсын анхаарлыг хандуулж чадах юм. Өөрөөр хэлбэл, АНУ вирус мэтийн “барьцтай” аюулд санаа зовниж байгаа бол оросууд улстөр, нийгэмд аюул заналхийлж, тогтворгүй байдал үүсгэж мэдэх мэдээллүүдээс илүү болгоомжилж байна. Шинэ тунхаг нь олон улсын мэдээллийн технологийн орчинд хэрэгжиж байгаа одоогийн зарим нэг дүрэм журмыг өөрчлөхөд мөн чиглэсэн юм. Оросууд тэдгээр дүрэм журмыг хэзээнээс олон улсын цахим зөрчлийг шийдвэрлэхэд хангалтгүй гэж үздэг байв. Тиймдээ ч хоёр жилийн өмнө дээрхтэй төсөөтэй төслийг НҮБ-д өргөн барьсан ч олонхийн дэмжлэг хүлээж чадаагүй билээ. Харин өнгөрсөн долоо хоногт батлагдсан тунхагийн Сноудены Орост хүргэсэн тус төслийг НҮБ-ын ихэнх гишүүн дэмжээд зогсохгүй 40-өөд нь санхүүжүүлэхээр болжээ. Мөн Пакистан зэрэг хэд хэдэн орны төлөөлөгчид мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль чанд хатуу байх ёстой гээд цахим вирусын технологийг үй олноор нь хоморголон устгах зэвсэг гэсэн ангилалд багтаах санал хүртэл гаргасан байна. Дээрх тунхаг нь мэдээллийн орон зай дахь болзошгүй аюулуудыг судлахад мөн чиглэсэн. Өмнө нь цахим халдлагуудыг зөвхөн цэрэг арми, гэмт халдлага болон террорист ажиллагаанд хамаатуулж үздэг байв. Харин оросуудын батлуулсан шинэ тунхаг нь ерөөс мэдээлэл түгээгч бүх хэрэгсэл, тэр дундаа интернэт, гар утсаар дамжуулсан мэдээлэл, халдлагыг гэмт үйлдэл мөн гэж хүлээн зөвшөөрүүлэхэд оршино. Хэдийгээр тунхагийн төсөлд нэр цохоогүй байсан ч энэ нь далдуураа америкчуудын эсрэг чиглэсэн нь хэнд ч тодорхой билээ. Оросууд НҮБ-ын Мэдээллийн аюулгүй байдлын хорооны гишүүн орны тоог 15-аас 20-д хүргэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн.
Энэ хороонд өмнө нь Хятад, Беларус гэсэн хоёр улс л Оросыг дэмжигч байсан бол гишүүд нэмэгдсэнээр эл тоо ч мөн өсөх нь дамжиггүй юм. Сноуденийг нууц баримт сэлт задруулахаас өмнө барууны орнууд мэдээллийн аюулгүй байдалд хандах оросуудын хандлагыг иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд халдаж, мэдээлэлд хяналт тогтоох гэлээ хэмээн шүүмжилж байв. Харин америкчууд жирийн иргэдийн эрх бүү хэл улс орнуудын дотоод асуудалд хүртэл халдсан нь тодорхой болсон энэ үед оросуудыг хэн буруутгах вэ? ОХУ-ын Гадаад явдлын яамны мэдэгдэлд дурдсанаар тус улс НҮБ-аар ийм тунхаг батлуулахыг чармайсан нь хувь хүний эрх, эрх чөлөө олон улсын хууль тогтоомж, аюулгүй байдлын бодлоготой харшилдах ёсгүйг дэлхий дахинд сануулах гэснийх. Гэхдээ НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас баталсан тунхагууд нь олон улсад мөрдөгдөх учиртай хууль цааз биш ердөө зөвлөмж билээ. Цахим халдлагаар мэргэшсэн мэргэжилтнүүд энэ чиглэлээр олон улсын нэгдсэн хууль батлах, түүнийг хэрэгжүүлэх цаг нь болоогүй хэмээдэг. Юутай ч, мэдээллийн аюулгүй байдлын талбарт АНУ нэр хүнд, байр сууриа алдахтай хамт Орос Улс энэ талаархи үзэл баримтлалаа олон улсад ойлгуулж, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадлаа.

Сэтгэгдэл (0)