БНХАУ-ын Ерөнхийлөгч Олон Улсын олимпын хорооны Ерөнхийлөгчтэй уулзав

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин өнгөрөгч мягмар гаригт олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзжээ. Энэхүү уулзалтад хоёр тал өндөр ач холбогдол өгсөн юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин уулзалтын эхэнд ноён Томас Бахад олон улсын олимпийн хорооны ес дэх ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, цаашид спортын олон наадам, тэмцээнд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Уулзалтын гол сэдэв нь БНХАУ-ын Наньжин хотод зохиох залуучуудын хоёрдугаар олимпийг зохион байгуулах тухай байжээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин “Олон улсын олимпийн хороо дэлхийн энх тайван байдлыг сахин хамгаалахын төлөө хамгийн сайн ажилладаг байгууллага. Спорт бол хүн төрөлхтний эрүүл мэндэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг. Спорт нөхөрлөл бий болгодог. Манай улс олон улсын олимпийн хорооны үйл ажиллагааг үргэлж дэмжин ажиллах болно” хэмээсэн юм. Мөн тэрбээр 2022 оны өвлийн олимпийг БНХАУ зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ. Харин Олон улсын олипийн хорооны ерөнхийлөгч ноён Томас Бах БНХАУ- ын ерөнхийлөгчид талархал илэрхийлж, Ерөнхийлөгчөөр сонгогдоод хийсэн эхний айлчлал Хятад Улс байсныг хэзээ ч мартахгүй хэмээжээ. Мөн тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгчийг спортын төлөө хийсэн үйл хэргийг нь хүндэтгэж олимпийн алтан одонгоор шагнасан байна. Уулзалтын төгсгөлд Томас Бах “Залуучуудын хоёрдуугар олимпийг Хятад Улс амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг авахыг хүсвэл эртнээс сайн бэлтгэх хэрэгтэй” гэдгийг дуулгажээ.

Г.НЯМ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)