Ирэх онд болох онцлох үйл явдлууд

Ирэх жил үзэж харах юм олон болох нь ээ. Он гараад удалгүй өвлийн олимп болно. Сочи хотод болох энэ удаагийн олимп урьд байгаагүй хамгийн өртөг өндөртэй наадам болох төлөвтэй байна. Олимпоос ердөө таван сарын дараа Бразилд бүр ч олон хүний хүсэн хүлээдэг хөлбөмбөгийн ДАШТ болно. Рио де Жанейро хотод зургадугаар сарын 13-нд эхлэх эл наадам өнгөрөгч онд Бразилын Ерөнхийлөгч Дильма Руссеффийг багагүй сандаргасан эсэргүүцлийн жагсаал цуглаангүй өнгөрвөл тэрбээр хэчнээн баярлахсан бол. Бразилын шигшээ баг нутгийнхаа талбайд зургаа дахь удаагаа дэлхийн аварга болбол хатагтай Руссефф бүр ч илүү баярлах нь мэдээж. Спортын томоохон наадмуудаас гадна улстөр, эдийн засагт ч мөн үзүүштэй зүйл олон тохионо. 2014 онд олон чухал сонгууль болох бөгөөд дэлхийн хүн амын 40-өөд хувь ирэх жил ямар нэг сонгуульд оролцох төлөвтэй байна. Хамгийн том бөгөөд чухал сонгууль нь ардчилсан засаглалтай дэлхийн хамгийн том улс болох Энэтхэгийн парламентын сонгууль юм. Эл сонгуулиар сайн, муу элдвээр хэлэгддэг, Энэтхэгийн энэ цаг үеийн хамгийн зартай улстөрчдийн нэг хинди шашинт, үндсэрхэг үзэлт Нарендра Модигийн тэргүүлсэн Үндэсний ардчилсан эвсэл ялах магадлал өндөр байна. Харин дэлхийн хамгийн их хүнтэй исламын шашинт улс болох Индонезид ард олны дунд Жокови нэрээрээ танигдсан Жоко Видодо төрийн эрхэнд гарах төлөвтэй байгаа бол хэзээд уйтгартай гэгддэг Европын парламентын сонгууль ч шинэ содон зүйл ихтэй болох шинжтэй байна. Учир нь нэгдсэн Европын ирээдүйд эргэлзээтэй ханддаг намуудыг Европ даяар олон нийт дэмжих болсныг улстөрийн ажиглагчид онцолж байгаа билээ. Мөн Их Британиас тусгаар тогтнох эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга есдүгээр сард Шотландад болно. Хэрэв шотландчууд өрх тусгаарлахаар болбол нөлөө нь Каталон, Кэбэкт хүртэл ажиглагдах нь тодорхой юм. Ирэх оны дэлхийн санхүү, эдийн засагт одоогоор гурван зүйл тодорхой байна. Нэгд, хөгжингүй орнууд эдийн засгийн өсөлтөө бататгана. Америк, Япон, Европын эдийн засаг урьдын хурдаар өсөх бол хөгжиж байгаа орнуудын зах зээлийн хурд өмнөхөөсөө ялигүй буурах төлөвтэй байна. Транс-Номхон далай, Транс-Атлантын чөлөөт худалдааны гэрээнүүд хэрэв батлагдвал барууны эдийн засгийн өсөлтийг мөн дэмжих нь дамжиггүй. Хоёр дахь тодорхой зүйл бол Америкийн Холбооны нөөц тэргүүтэй олон орны төв банк бондын бодлогодоо өөрчлөлт оруулна. Харин эдийн засгийн өсөлт нь шагшигдсан хэвээр байгаа Хятад Улс санхүүгийн бодлогоо зөөллөх нь гурав дахь тодорхой явц юм. Мөн тус улсын хамт Өмнөд Судан, Монгол болон дэлхийн хамгийн жаргалтай орноор тодорсон Бутан зэрэг улсын ДНБ өсөх хандлагатай байна. Харамсалтай нь, улс орнуудын аз жаргалын индекст иргэний дайнтай байгаа Сири Улс хамгийн муу үзүүлэлттэй нь хэвээр үлдэх төлөвтэй. Гэхдээ тус улс болоод Иранд зөвшилцлийн гэрээ хэрэгжинэ гэх найдвар байна. Энхийн гэрээ хэлэлцээнд итгэж найдсан сэтгэлээр дэлхий дахин дэлхийн I дайны 100 жилийн ойг ирэх жил тэмдэглэнэ. Энэхүү тэмдэглэлт ой болоод бусад түүхэн явдлуудын тэгш ой, олон улсын дипломат харилцаа, эдийн засагт хамаатай чухал уулзалт чуулганууд ирэх оны хэддүгээр сард болохыг дараах жагсаалтаас харна уу.

Нэгдүгээр сар

-Грек Улс Европын холбоог даргалж эхэлнэ.
-Латви еврогийн бүсэд нэгдэнэ.
-Болгар, Румыны хөдөлмөрийн зах зээлд тогтоосон Европын холбооны хоригийн хугацаа дуусна. -Давост дэлхийн эдийн засгийн форум болно.
-Билгийн тооллын морь жил гарна.
-НҮБ-аас зарласан олон улсын кристаллографийн жил эхэлнэ. Энэ хүрээнд өрхийн болон жижиг арлуудын газар тариаланг дэмжих юм.
Хоёрдугаар сар
-Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Сочи хотод XXII өвлийн олимп болно.
-АНУ-ын Сенатын танхимаар батлагдвал Жанет Йеллен тус улсын төв банкны анхны эмэгтэй Ерөнхийлөгч болно.
Гуравдугаар сар
-Ертөнцийн хамгийн том шоу гэгддэг Рио де Жанейрогийн карнавал болно.
-Холливудад 86 дахь удаагийн академийн шагнал гардуулах ёслол буюу Оскар болно.
Дөрөвдүгээр сар
-Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болно.
-Өмнөд Африкт парламентын сонгууль болно.
-Нарны бүтэн хиртэлт болно. Эл үзэгдэл Австрали, Номхон далайн арлууд болон Америкийн эх газарт хамгийн тод үзэгдэнэ.
-Гүйлтийн 36 мянган тамирчин Бостоны марафонд оролцоно.
Тавдугаар сар
-Европын холбооны гишүүн 28 оронд Европын парламентыг сонгох санал хураалт явагдана.
-Коммунист дэглэмтэй байсан найман улс болон Кипр, Мальт орнууд Европын холбоонд нэгдсэний 10 жилийн ойгоо тэмдэглэнэ.
-Колумб, Малавид Ерөнхийлөгчийн сонгууль болно.
-Энэтхэгт парламентын сонгууль болно.
Зургадугаар сар
-Сочи хотод Их наймын дээд хэмжээний уулзалт болно.
-Бразилд хөлбөмбөгийн ДАШТ болно.
-Сараево хотод Австри
-Унгарын эзэнт гүрний угсаа залгамжлах ханхүү Фердинандыг хөнөөсний 100 жилийн ой тохионо. Эл явдал дэлхийн I дайны эхлэлийг тавьсан юм.
Долдугаар сар
-Европын холбоог Итали даргалж эхэлнэ.
-Английн Иоркшерт “Тур-де-Франс” уралдаан болно.
-Гласго хотод Хамтын нөхөрлөлийн орнуудын XX наадам болно.
-Индонезчууд Ерөнхийлөгчөө сонгоно.
Наймдугаар сар
-Хятадын Нанжин хотод өсвөрийн их наадам болно.
-Панамын сувгийн 100 жилийн ой тохионо.
Есдүгээр сар
-Шотландад Британиас тусгаар тогтнох эсэх бүх нийтийн санал асуулга болно.
-Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдана.
-Өмнөд Солонгосын Инчон хотод Азийн наадам болно.
Аравдугаар сар
-Олон улсын валютын сан болон Дэлхийн банкны дээд хэмжээний уулзалт Вашингтонд болно. -Бразилд Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Арваннэгдүгээр сар
-АНУ-д орон нутгийн сонгууль болно.
-Берлиний хана нурсны 25 жилийн ой тохионо.
-Австралийн Брисбанд Их 20-ийн дээд хэмжээний уулзалт болно.
-Мексикт “Формула-1” тэмцээн болно.
Арванхоёрдугаар сар
-Афганистан дахь америк цэргийн сүүлч тус улсаас гарна.
-НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт Перуд болно.

Г.ЛХАГВА
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)