Ираны цөмийн асуудлаар зөвшилцөлд хүрлээ
- 2013-11-25
- Дэлхий
- 0
"...Гэхдээ дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын мэдээлж байгаагаар Иран Улс уранаа таваас илүү хувиар баяжуулахгүй ба одоо байгаа ураны нөөцөө дундлахаар болжээ. Мөн олон улсын шинжээчдийг Натанз, Фордо хотууд дахь цөмийн байгууламжууддаа нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг нь танилцуулж байхаар болсон байна... “ Иран болоод дэлхийн тэргүүлэх зургаан гүрний дипломат төлөөлөгчид өчигдөр өглөө Швейцарийн Женев хотод Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар анх удаа зөвшилцөлд хүрчээ. Барууны орнууд Ираны эдийн засагт ихээхэн дарамт болж байгаа зарим хоригийг цуцалж, заримынх нь журам заалтыг зөөллөх бол хариуд нь Тегераны эрх баригчид цөмийн хөтөлбөрөө зогсоон уран баяжуулалтаа аливаа зэр зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд хүргэхгүй байхыг зөвшөөрсөн байна. Исламын БН Иран Улс, АНУ, БНХАУ, ОХУ, Франц, Герман, Их Британийн албаныхан ийнхүү арав гаруй жилийн хугацаанд анх удаа цөмийн асуудлаар хэлэлцээний ширээний ард түншүүд боллоо. Хэлэлцэгч талууд дөрөв хоногийн турш үл ойлголцол, ялгаатай талуудаа арилгах гэж санал бодлоо солилцсоны эцэст орон нутгийн цагаар шөнийн 03.00 цагт зөвшилцөлд хүрчээ. Энэ нь Ираны цөмийн хөтөлбөрийг бүхлээр нь зогсоох эцсийн шийдвэр биш хэдий ч юутай ч зургаан сарын хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих аж. Энэ хугацаанд Ираны эсрэг олон улсын шинэ хориг батлагдахгүйн дээр тус улсын эдийн засагт саад тотгор болж байсан хоригууд үгүй болсноор иранчууд долоон тэрбум ам.долларын ашиг хүртэх гэнэ. Хоригоос чөлөөлсний дэмжлэг нэрээр Иранд олгох энэ мөнгө үнэт метал тэргүүтэй Ираны эдийн засгийн гол салбаруудад ногдох аж. Барууныхны шаардлагыг хүлээж авсан ч уран баяжуулах эрхээ урьдын адил хадгална гэж Тегераны эрх баригчид мэдэгдсээр байгаа бөгөөд эл тохиролцоог урт удаан хугацааны гэрээ тунхаг болгох нь хэлэлцээг зохион байгуулагч талуудын дараагийн зорилго байх төлөвтэй байна. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохоо гадаад бодлогынхоо тэргүүн зорилт болгосон АНУ- ын Ерөнхийлөгч Барак Обама эл явдлыг “түүхэн тохиролцоо”, “олон улсын дипломат харилцаан дахь чухал алхам” гэсэн байна. Мөн түүний Засгийн газрын гишүүн, Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри эл зөвшилцөл Ойрхи Дорнодын аюулгүй байдалд нэн тустай гэсэн бол Британийн Гадаад хэргийн сайд Уиллиам Хейг энэ явдлыг даян дэлхийн хувьд сайн мэдээ гэжээ. Гэхдээ Израиль, Саудын Араб зэрэг орны эрх баригчид тэдэнтэй санал нийлэхгүй байна. Ираныг улс орныхоо хамгийн заналт дайсан гэж үздэг Израилийн Ерөнхий сайд Бэньяамин Нэтаньяху эл тохиролцоог иранчуудад ихээхэн завшаантай, цөмийн зэвсэг нууцаар бүтээх үүд хаалгыг нь нээж өгсөн хэрэг боллоо гэжээ. Харин Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани улс орныхоо гадаад харилцааг дэмжиж, ард олныхоо амар тайван байдлыг хангахын тулд барууны орнуудтай зөвшилцсөн хэмээгээд шинэхэн тохиролцоо Иранд төдийгүй хэлэлцээнд оролцогч талуудад шинэ боломж, харилцааны шинэ үүд нээж өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Хэлэлцээ амжилттай болохын эхлэл өнгөрсөн зургадугаар сарын 14- нд Хассан Рухани Ерөнхийлөгчөөр сонгогдоход тавигдсан юм. Түүний өмнө Ираны удирдагч байсан Махмуд Ахмадинежад баруунтай сөргөлдөгч гэдгээрээ зартай бөгөөд цөмийн зэвсэгтэй болоход нь бүү хэл уран баяжуулалт, эрчим хүчний асуудалд нь хөндлөнгийн орнууд оролцох ёсгүй гэж үздэг байв. Харин Рухани сонгогдсон даруйдаа олон улсад улс орныхоо нэр хүндийг өргөхийг чухалчилсан билээ. Тэрбээр санасандаа хүрэхийн тулд юуны өмнө улсынхаа дээд удирдагч, шашны тэргүүн Али Хаменеин дэмжлэгийг авах, дараа нь Ираны гол дайсан АНУ-тай дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэсэн амаргүй хоёр давааг давсан юм. Цаашид ч, энэ хоёр улсын харилцаанаас дээрх тохиролцоо урт удаан хугацааны гэрээ хэлцэл болох эсэх нь шалтгаална. Тохиролцооны дэлгэрэнгүй заалтуудыг нийтэд хараахан танилцуулаагүй байна. Гэхдээ дэлхийн хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын мэдээлж байгаагаар Иран Улс уранаа таваас илүү хувиар баяжуулахгүй ба одоо байгаа ураны нөөцөө дундлахаар болжээ. Мөн олон улсын шинжээчдийг Натанз, Фордо хотууд дахь цөмийн байгууламжууддаа нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг нь танилцуулж байхаар болсон байна.
Г.ЛХАГВАДУЛАМ

Сэтгэгдэл (0)