Эгдүүцлийн цаана
- 2013-11-26
- Дэлхий
- 0
"...Харин Женевт батлагдсан дээрх тохиролцоо урт удаан хугацааны гэрээ хэлцэл болохгүй бол Израиль Иран руу халдах магадлал нэмэгдэнэ. Чингэвэл Саудын Араб ч зүгээр суухгүй бөгөөд Иран руу шуудхан халдахгүй юм гэхэд Израилийн бөмбөгдөгч онгоцуудыг нутгаараа саадгүй дамжин өнгөрүүлнэ. Энэ хооронд Сауд-Израилийн тагнуулын албаны хамтын ажиллагаа ч цэцэглэх нь дамжиггүй юм. Гэхдээ аль нь ч АНУ-ыг холдуулж дөнгөхгүй. Иймэрхүү таагүй нөхцөл байдал үүсгэхгүйн тулд АНУ болон түүний хамтрагчид ганц Ирантай ч бус Арабын ертөнц, Ойрхи Дорнодын орнуудтай зөвшилцлийн гэрээ байгуулах ёстой ч юм бил үү... "Иран болоод барууны орнууд өнгөрсөн амралтын өдөр Тегераныг цөмийн хөтөлбөрөөс нь түдгэлзүүлэх эхний чухал алхам болох тохиролцоонд хүрсэн билээ. Энэ нь Ираны цөмийн асуудалд сүүлийн арваад жил гараагүй ахиц дэвшил болоод зогсохгүй олон улсын дипломат харилцааг эерүүлсэн түүхэн, тэмдэглүүштэй явдал болов. Иранчууд гудамж талбайдаа баярлан цуглацгааж, америк, англичууд дэлхий ертөнц илүү аюулгүй боллоо хэмээн батлах шахам байна. Харин америк, европ хамтрагчид нь Ираны төлөөлөгчтэй инээмсэглэн гар барьж зогсоо гэрэл зургууд Израиль, Саудын Араб болон Арабын хаант улсуудад яагаад ч таатай санагдсангүй. Арабын ертөнц тэр чигээрээ эл тохиролцоог эсэргүүцээгүй, Арабын Нэгдсэн Эмират, Бахрейн зэрэг улс бүс нутгаа тогтвортой байлгахыг чухалчлах үүднээс Ираны бодлогыг хүндэтгэнэ хэмээсэн ч ихэнх нь энэ явдлыг түүхэн дэвшил гэхээсээ түүхэн алдаа хэмээж байна. Ираны гол дайсан Израилийн Ерөнхий сайд Бэньямин Нэтаньяху дээрх хэлцэл дэлхий дахиныг аюултай, аймшигтай болголоо гэсэн бол Саудын Арабын Гадаад харилцааны яам санхүү, эдийн засгийн арилжаа хийн байж баруунтай наймаалцсан нь Ираныг бүс нутагтаа илүү эрх дархтай болгож, хүчний тэнцвэрийг алдагдуулна гэжээ. Энэ бүх эгдүүцэл, дургүйцлийн ард юу байна вэ? 1979 оны Ираны исламын хувьсгалын дараагаас Израиль болоод Арабын хаант улсууд Ираныг хамгийн заналт дайсан, сөргөлдөгчөө гэж үзэх болсон. Учир нь хэдэн мянганы турш бүс нутагтаа ноёрхохыг санаархсан, түүнээ ч бүрэн гүйцэлдүүлсэн нь олонтаа персүүд исламын шашны тиг шугамыг төрийн бодлогодоо оруулснаар Израилийн зах нутгууд дахь исламын хэт үзэлт зэвсэгт босогчид болон Ливаны муу нэрт “Хезболлах” бүлэглэл зэрэгт мөнгө санхүү, зэр зэвсгийн тусламж хүргэх нь үлэмж нэмэгджээ. Тиймээс ч Арабын одоогийн хаант улсууд суннитуудын захиран суудаг, суннит голдуу иргэд аж төрдөг улс орнуудыг Иран шийт голдуу цөөнхүүдийг тэтгэн дэмжсэнээрээ хагалан бутаргаж, үймээн самуунд хөтөлсөн гэж буруутгадаг байна. 2003 онд АНУ Иракийг эзлэхэд хэсэгхэн зуур Арабын орнууд Ираныг дайсан бус хамтрагчаа гэж үзэж байв. 2011 онд бүс нутгийн гол тоглогч Египетэд төрийн эргэлт гарахад ч арабчууд Ираны хамт Америкийн эсрэг тууштай зогсож байсан юм. Харин саяхан Сири рүү пуужин харвах төлөвлөгөөнөөсөө америкчууд буцахад хамгийн их балмагдсан нь саудууд байсан бөгөөд энэ нь Башар аль- Ассадыг засгийн эрхээс зайлуулах нь Ираны хүч нөлөөг бууруулахад ихээхэн түлхэц болно гэж тэд найдаж байсантай холбоотой. Саудууд Америкийн санаа өөрчлөгдсөн тухай Вашингтоны алба ныхны өөрсөдтэй нь хуваалцсан мэдээллээс бус CNN-ий үдшийн мэдээнээс сонссон нь тэднийг бүр ч эгдүүцүүлжээ. Эдгээрийг дурдахын учир, Саудын Араб тэргүүтэй Арабын орнуудад цөмийн харилцаа гэдэг зөвхөн энэ асуудлаархи зөрчил биш юм. Тэдний хувьд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал өөрсдийнх нь цаашид оршин тогтнох болоод улстөр, эдийн засгийн хүч нөлөөгөө хадгалж үлдэх эсэх асуудал билээ. Тиймээс ч барууны орнууд Ираныг гүйцэд буулгаж авалгүйгээр цөмийн хөтөлбөрөө олон улсын дэмжлэг туслалцаан дор үргэлжлүүлэх, цаашлаад цөмийн зэвсэгтэй болох үүд хаалгыг нь нээж өглөө гэж Израиль болон Арабын орнууд үзэж байна. Тэд Ираныг уран баяжуулалтаа бүрэн зогсоогоосой гэж хүсэж байгаа бөгөөд зэр зэвсэг үйлдвэрлэх хэмжээнд биш ч уран баяжуулах эрхийг нь барууны орнууд хэвээр үлдээсэнд, мөн ийн тохиролцохдоо Тегеранд хэдэн тэрбум ам.доллар амласанд нь дургүйцэж байна. Тэдэнд мөн үүнээс ч илүү айдас байгаа нь Иран америкчуудтай түншилж эхэлбэл саяхныг хүртэл Израиль, Арабын ашиг сонирхлыг хамгаалж ирсэн Вашингтоны нөлөө бүс нутаг нь өөрсдөд нь ашиггүй байдлаар нэмэгдэх вий гэх болгоомжлол юм. Өнгөрсөн зургадугаар сард Хассан Рухани Ираны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Тегеран, Вашингтоны албаныхан хэд хэдэн удаа нууц хэлэлцээ хийсэн нь саяхан ил болсон. Тэр бүү хэл, Сирийн эсрэг зэвсэгт ажиллагаа явуулах талаар нэлээд нухацтай ярьж байсан америкчуудын бодлыг Ираны шинэ төрийн тэргүүн өөрчилсөн гэж үзэх ажиглагчид ч байгаа юм. Эдгээрээс ашиг сонирхлын үндсэн хоёр чигийг харж болно. Нэгд, Эр-Рияд Израилийг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүйгээс үл шалтгаалан Саудын Араб, Израилийн эдгээр асуудалд хандах хандлага ижил төсөөтэй болж байна. Хоёрт, АНУ-Ираны хамтын ажиллагаа Араб, Израильд ихээхэн гарзтай байхыг Америкийн хамтрагчид хүртэл хүлээн зөвшөөрөх хандлагатай байна. Орос, Америкийн тэргүүлж байгаа Сирийн энхийн хэлэлцээнд Иранд татагдан орвол эл таамаг бүр ч батлагдана. Тэгэхээр өөрсдөд нь заналхийлж эхэлсэн Ираны нөлөөнд израиль, саудууд ямар хариу барих бол? Израилийн эрх баригчид Иран, барууны тохиролцоонд итгэж найдахгүй байгаагаа илэрхийлээд зогсохгүй Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулах хувилбар хэзээд ширээн дээр нь зэхээтэй байхыг сануулсан бол Саудын албаныхан Пакистанаас цөмийн зэвсэг авах бодолтой байгаагаа нуугаагүй. Тэдний санаархал ойрын хугацаанд бодит ажил болохгүй нь тодорхой бөгөөд лав ирэх зургаан сард тэд Ираны эсрэг хөдөлж чадахгүй. Ираны цөмийн эрдэмтдийг нууцаар хөнөөсөн гэгддэг Израиль ч Вашингтоны хараан дор эрсдэлтэй алхам хийхгүй нь баттай юм. Харин Женевт батлагдсан дээрх тохиролцоо урт удаан хугацааны гэрээ хэлцэл болохгүй бол Израиль Иран руу халдах магадлал нэмэгдэнэ. Чингэвэл Саудын Араб ч зүгээр суухгүй бөгөөд Иран руу шуудхан халдахгүй юм гэхэд Израилийн бөмбөгдөгч онгоцуудыг нутгаараа саадгүй дамжин өнгөрүүлнэ. Энэ хооронд Сауд-Израилийн тагнуулын албаны хамтын ажиллагаа ч цэцэглэх нь дамжиггүй юм. Гэхдээ аль нь ч АНУ-ыг холдуулж дөнгөхгүй. Иймэрхүү таагүй нөхцөл байдал үүсгэхгүйн тулд АНУ болон түүний хамтрагчид ганц Ирантай ч бус Арабын ертөнц, Ойрхи Дорнодын орнуудтай зөвшилцлийн гэрээ байгуулах ёстой ч юм бил үү. Женевийн тохиролцоо нааштай алхам болсон ч хийж гүйцэтгэх олон ажил бий болгосны ердөө ганц жишээ энэ.
BBC

Сэтгэгдэл (0)