
Буддын шашныг үндэслэгч Сидхарта Гаутамаг МЭӨ гуравдугаар зууны орчим мэндэлсэн гэдэг ч эрдэмтдийн санал зөрөлдөөнтэй байдаг билээ. АНУ-ын Дурхамын их сургууль, Непалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан экспедиц Лумбини дахь Маяа Дэви сүмд малтлага хийж дээрх хугацаанаас даруй 300 гаруй жилийн өмнөх сүмийн туурийг олжээ. Дүнзээр барьсан уг байгууламжийн үлдэгдлийг судалж үзэхэд МЭӨ 600-аад оны үед хамаарах нь тодорхой болжээ. Мөн энэ газар нь Буддын тухай өгүүлдэг бичгэн болон аман хэлбэрээр үлдсэн мэдээлэлд дурддаг төрсөн газрынх нь дүрслэлтэй таарч байгаа тул түүнийг 2600 жилийн өмнө төрснийг нотлох баталгаа болж байгаа аж. Тодруулбал, бурхан Будда М.Э.Ө 623 онд төрсөн гэж Дурхамын их сургуулийн археологич Робин Коннигам хэвлэлд тайлбарласан байна. Эрдэмтдийн үзэж буйгаар Сидхарта Гаутама нь огцом өөрчлөлтийн үед төрсөн бөгөөд тухайн үед Непалын Лумбинид хотжилт эрчимтэй явагдаж, худалдаа наймааны эрин эхэлж байжээ. Лумбини нь Буддын төрсөн нутаг гэгддэг бөгөөд ЮНЕСКО Дэлхийн өвдөө бүртгэж, жил бүр хэдэн сая мөргөлч зорьж очдог Буддын шашны ариун газар юм.
Сэтгэгдэл (0)