Улаан талбайг ”Луй Вьюттон” эзэллээ
- 2013-11-27
- Дэлхий
- 0
Хойд хөршийн нийслэл Москва хотын төв Улаан талбайг алдарт Луй Вьюттон эзлэн түрэмгийлсэн хэрэг гарчээ. Уолл Стрийт Журналын мэдээлж буйгаар 100 тохой урттай, 30 тохой өндөртэй чемоданы хэлбэртэй Луй Вьюттоны явуулын үзэсгэлэнгийн танхим сүндэрлэж, ирэх сарын эхнээс дараа жилийн нэгдүгээр сарын дунд үе хүртэл байрлах юм байна. Гэтэл оросуудын хувьд ариун газар болсон Лениний бунхантай залгаж шахуу ийм үзэсгэлэнгийн танхим байгуулсанд олон иргэн төдийгүй улстөрчид ч дургүйлхэж байгаа аж. Коммунист намын Төв хорооны гишүүн Сергей Обухов “Аугаа хувьсгалын хүндэт бэлгэ тэмдгийг ашиг орлогын төлөө ингэж гутаан доромжилж болохгүй” гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хамгийн сонирхолтой нь аялалын цүнхийг улаан талбайд байрлуулах зөвшөөрлийг хэн ч өгөөгүй нь тодорхой болжээ. Тиймээс хэргийн учрыг тодруулахаар Монополийн эсрэг газартай хамтран шалгалт хийх гэж буйгаа эрх баригч Нэгдсэн Орос намын Андрей Сидякин мэдэгдлээ. Тус улсын Соёлын яамнаас мөн тайлбар хийж, Луй Вьюттонд Улаан талбайд үйл ажиллагаа явуулах эрх олгоогүй гэсэн байна. Харин энэ үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа гэх Москвагийн ГУМ их дэлгүүрийн гол хувьцаа эзэмшигч Михайл Куснирович зохих зөвшөөрлийг, эрх баригчдаас авсан гэж мэдэгджээ.



























Сэтгэгдэл (1)
(203.194.114.147)
Хөөе, наадхыг чинь буулгах гэж байгаа, мэдээгүй юм үү!