Сөрөг хүчинтэй хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ
- 2013-11-28
- Дэлхий
- 0
Эрх баригчдаа эсэргүүцэн тэмцэж буй сөрөг хүчний тэмцэл Бангкок хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Үүнээс болж Ерөнхий сайд Йинглак Чинават орон даяар онц байдал зарлаж, цагдаа, цэргийнхний хүчийг нэмэгдүүлээд байгаа юм. Тайландын 77 мужийн 19-д нь энэхүү эсэргүүцлийн жагсаал нэгэн зэрэг болж байгааг улсын төв телевизээр өчигдөр мэдээллээ. Сөрөг хүчин болох Ардчилсан намын удирдагч Сутхеп Тхаксубан мягмар гаригт олон нийтэд хандан орон нутгийн засаг захиргаа болон Засгийн газрын ордныг бүслэхийг уриалсан юм. Харин өчигдөр жагсагчид 19 мужийн засаг захиргааны байрыг бүсэлсэн бөгөөд тэндхийн ажилтнуудыг байрнаас нүүлгэн шилжүүлсэн байна. Эдгээр 19 мужийн 14 нь тус улсын өмнөд хэсэгт, тав нь төв хэсэгт оршдог аж. Тиймээс Тайландын Засгийн газар сөрөг хүчинтэй хэлэлцээрийн ширээний ард суухад бэлэн байгаа бөгөөд Засгийн газрын ордныг хаасан бүслэлтээ зогсоохыг хүсч буйгаа Ерөнхий сайд Йинглак Чинават мэдэгджээ. “Бид улс оронд үүсээд буй хямралт байдлыг эцэс болгохын тулд жагсагчидтай хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна” гэж тэрээр мэдэгдэж, Засгийн газрыг яаралтай хуралдуулж, бүслэлтийн үед ямар арга хэмжээ авах талаар ярилцах болно гэжээ. Жагсагчид энэ долоо хоногийн эхээр хэд хэдэн яамдыг барилгыг бүсэлснээс болж, ажилтнууд нь ажлаа хийхийн тулд түр байранд үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Тээврийн сайд Чадчарт Ситтхипантын хэлснээр тус яамны удирдах ажилтнууд ажлаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Харин Сангийн яамны байрны зарим хэсэг сөрөг хүчнийхний бүслэлтэд байгаа учраас нэг талд нь үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Дотоод хэргийн яам бүхэлдээ бүслэгдсэн тул ажилтнууд нь өчигдөр ажилдаа очиж чадаагүй бөгөөд зарим яамд шинэ байранд төвхнөөд байгаа юм байна. Тайландад өрнөж буй энэхүү эсэргүүцлийн ажиллагаа экс Ерөнхий сайд Таксин Чинаватад өршөөл үзүүлэх тухай хууль гаргах гэж оролдсоноос үүдсэн билээ. Одоогийн Ерөнхий сайд хатагтай Йинглак Чинават төрсөн ахдаа ийнхүү өршөөл үзүүлэхээр Засгийн газраараа батлуулсан нь сөрөг хүчний эгдүүцлийг төрүүлж үймээн дэгдэхэд хүргэжээ. Тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Таксин Чинават авлигын хэрэгт буруутгагдан эх орноосоо оргон зайлсан бөгөөд энэ хууль батлагдвал буцаж ирэх боломжтой болох юм. Түүнийг 2006 онд цэргийн эргэлтээр огцруулжээ.Д.ЦЭЦЭРЛЭГ

Сэтгэгдэл (0)