БНХАУ-д Си Жинпиний ноёрхол тогтож, АНУ-д Б.Обамагийн нэр хүнд уналаа
- 2013-12-04
- Дэлхий
- 0
Хятад улсын дарга Си Жинпин Коммунист намын Төв хорооны III хурлын үеэр Засаг захиргаанд ноёрхлоо тогтоож чадсан гэдгээ харуулсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хаалт тай эхэлсэн хуралд Коммунист намын 400 удирдлага оролцжээ. Төлөөлөгчид Хятадын шинэчлэлийн хэтийн төлөвлөгөөг хэлэлцэж, хоёр шинэ байгууллагыг байгуулах талаар ярилцсан юм. Эхний байгууллага нь АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөлтэй төстэй бөгөөд Хятадын аюулгүй байдлын хүчин гадаад бодлогын стратегийг хариуцан ажиллах аж. Энэ талаар түүхч Зан Лифан “Зарим хүн түүний эрх мэдлийг бататгахыг хичээж байна” гэж хэлжээ. Тэрбээр Си Жинпиний нэрийг шууд хэлээгүй ч Үндэсний аюулгүй байдлын хороо нь Төв хороо болон Хуулийн зөвлөлүүдийн эрх мэдлийг булаах гэнэ. Тэгвэл америкчуудын дийлэнхи хэсэг Ерөнхийлөгч Барак Обамад анх удаа итгэл алдарч “Б.Обамаг найдвар хүлээх чадваргүй хүн” гэж дүгнэсэн байна. Ерөнхийлөгчийн засаг захиргаа хүнд нөхцөл байдалд “Obamacare” гэж нэрлэгдэх болсон эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Үүнээс үүдэн Б.Обамагийн нэр хүнд бүр унасан аж. Quinnipiac University Poll гэдэг их сургуулийн судалгааны бие даасан нэр хүндтэй хүрээлэн Ерөнхийлөгч Б.Обамагийн нэр хүнд нь өмнөх Ерөнхийлөгч Ж.Буш засгийн эрхэнд байхдаа нэр хүндээ алдаж байсантай адил болсон гэж үзлээ. Тус хүрээлэнгийн явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 54 хувь нь “Б.Обамагийн ажлыг дэмжихгүй байгаа” гэсэн бол 39 хувь нь “дэмжиж байна” гэжээ. Судалгааг өнгөрсөн сарын 6-11- нд АНУ-ын өнцөг булан бүрт байх 2,545 иргэнээс авсан юм. Энэ оны аравдугаар сарын эхээр хийсэн судалгаанд оролцсон иргэдийн 49 хувь нь Б.Обамаг дэмжээгүй, 45 хувь нь дэмжиж байжээ. “Obamacare” хөтөлбөрийн талаар санал асуулга өнгөрсөн долоо хоногт явуулсан бөгөөд Б.Обама иргэдийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалсан. Тэрбээр эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслөөр бахархаж байгаагаа хэлсэн байна. Си Жинпиний байгуулах өөр нэг байгууллага нь топ удирдлагуудад мэдээлэл шууд хүргэж байх шинэ баг юм. Мэдээллийн энэ баг Засгийн газарт мэдээлэл хийхгүй бөгөөд хуучирсан хүнд сурталтай бодлогыг халж, өөрчлөлт шинэчлэлийг дэмжих аж. Синьхуа агентлагийн мэдээлснээр “Энэ баг бол шинэчлэлийн төлөвлөгөөг бүхий л бүрэлдэхүүн хэсэгт хариуцаж, өөрчлөлт шинэчлэлийн гүйцэтгэлийг хянана” гэсэн байна. Гэвч энэ мэдээлэлд шинэ багийн хийх ажлын талаар тодорхой зүйл бичсэнгүй. Тиймээс Си Жинпин уламжлалт хүнд суртлын бодлогоор хүн амыг хянах гэж байгаа мэт харагдана. Хятадын Хууль зүйн яамны судалгааны хүрээлэнгийн захирал Ван Гонги “Энэхүү баг нь эдийн засагт биш улс төрийн салбарт шинэчлэл хийж болох юм” гэж дүгнэлээ. Харин АНУ-ын иргэд Ерөнхийлөгч Б.Обамагийн шийдвэрт дургүйцэх нь бүр ихэсч, өмнө нь үзүүлдэг байсан эрүүл мэндийн салбарын үйлчилгээгээр буруу мэдэгдэл хийж байгааг хэлж байна. Quinnipiac University Poll хүрээлэнгийн захирлын туслах Тим Маллоу хэлэхдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчдийн адилаар Б.Обама АНУ-ын иргэдийн дэмжлэгийг хүлээсэн. Гэтэл тэрбээр ажлаа эхэлснийхээ дараа сонгогчдын итгэлийг алдаж байна. Хамгийн сүүлд явуулсан санал асуулгад оролцсон иргэдийн 40 хүрэхгүй хувь нь Б.Обамаг дэмжсэн нь түүний нэр хүнд унаж байгааг харууллаа” гэсэн аж. Америкчуудын ихэнх нь “Obamacare” хөтөлбөрт гутарсан байдалтай хандаж байгаагаас гадна Б.Обамагийн хэлсэн эрүүл мэндийн даатгалын талаарх үгэнд дургүйцлээ илэрхийлсэн юм. Түүнээс гадна өнгөрсөн ням гаригт сэтгүүлчид Б.Обамагийн бодлогын нийтлэлийн хэв маягийг шүүмжиллээ. АНУ-ын томоохон 30 гаруй хэвлэл мэдээллийн байгуул- лагын төлөөлөл болсон сэтгүүлчид болон гэрэл зурагчид цугларчээ. “The New York Times” сонины ахмад гэрэл зурагчин Д.Миллс Ерөнхийлөгч Б.Обамагийн мэдээллүүдийг “Хуучин ЗХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн мэдээний хэв маягтай адил” гэж хэлсэн байна. Цуглаанд оролцсан сэтгүүлч, зурагчид Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карнид нээлттэй захидал илгээлээ. Захидалд Б.Обамаг “Ажил үүргээ гүйцэтгэж байгаа зураг авах, бичлэг хийхийг сэтгүүлчдэд хориглодог” гэж бичжээ. Тэрчлэн сэтгүүлчид Б.Обама Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө хүртэл хаалттай хаалганы цаана байсныг дурдсан байна. Дэлхийд эдийн засгаараа эхний хоёр байранд өрсөлддөг хоёр том гүрний удирдагч нарын байдал ихээхэн ялгаатай болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама америкчуудын итгэлийг хүлээж хоёр дахиа сонгогдсон хэдий ч ирэх оны санхүүгийн төсөв батлахаас эхлээд хэцүү байдалд орсон. Хятад улсын дарга Си Жинпиний хувьд томилогдоод нэг жил болох гэж байгаа ч Коммунист нам болон Засгийн газарт өөрийн хяналтыг тогтоосон гэж судлаачид үзэж байна.Н.ТУНГАЛАГ

Сэтгэгдэл (0)