
Исланд улсын цагдаа тусгай ажиллагааны үед хүн буудсан тохиолдол тус улсын түүхэнд анх удаа гарсан тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Исландын Дотоод хэргийн сайд Харалдур Йоханнссен Рейкьявик хотод гарсан уг хэргийг “Гарцаагүй байдал” гэж тодорхойлсон байна. Гэртээ байсан дунд орчим насны нэг эрэгтэй ямар ч шалтгаангүйгээр буудаж эхэлжээ. Дуудлага авсан цагдаа нар ойр орчмын байшингуудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, эрэгтэйн байрыг бүсэлсэн аж. Түүнтэй холбоо тогтоож, байранд орохыг хүссэн ч цагдаа нарт боломж олдоогүй гэнэ. Тиймээс нулимс асгаруулагч хий байр уруу цацахад эрэгтэй цонхоор буудаж эхэлсэн байна. Тусгайгийн ажилтнууд руу буудаж байсан зэвсэглэсэн эр рүү хариу гал нээхээс өөр арга байгаагүй аж. Харин шархадсан эрэгтэйг эмч нар аврахаар оролдсон ч чадаагүй бөгөөд түүнийг архи юм уу хар тамхины нөлөөгөөр гал нээсэн гэж таамаглаж байгаа юм.
Сэтгэгдэл (0)