Бүх насны хүмүүсийн хэрэгцээт илчлэгийн хэмжээ 200-400 орчим килокалориор багассан
- 2013-12-05
- Эрүүл мэнд
- 0
Сүүлийн
үед хүмүүс хэрэглэж буй хоол, хүнснийхээ тэжээллэг чанар, аминдэмийн
хэмжээ зэрэг мэдээллийг илүү сонирхож, мөн “зөв хооллолт” гэж яридаг
болжээ. Ер нь таны ажиглаж байгаагаар хүмүүсийн дундах хоол тэжээлийн
ойлголт хэр байна вэ?
Манайхан бие, биендээ “илчлэг, тэжээллэг хоол ид” гэж зөвлөх нь их. Гэтэл ямар хоол, хүнс илчлэг сайтай, ямар хоол, хүнс тэжээллэг болохыг ялгадаггүй. Бидний хэрэглэж буй хоол, хүнсний илчлэг чанар нь өөх тос, уураг, нүүрс ус гэсэн үндсэн гурван шимт бодисын агууламжаар тодорхойлогддог. Халуун дулаан орчинд, хөдөлгөөн багатай амьдарч байгаа хүнд илчлэгийн хэрэгцээ их шаарддаггүй. Хоол, хүнсний өөр нэг маш чухал шинж чанар нь түүний тэжээллэг чанар юм. Энэ нь тухайн хоол, хүнс хир хэмжээний аминдэм, эрдэсийн агууламжтай вэ гэдгээр тодорхойлогддог. Тэгвэл хүн бүрт тэжээллэг хоол, хүнс хэрэглэх шаардлага байдаг. Сүүлийн үед хоол, хүнсний эдгээр чанаруудын чухлыг ойлгож, ач холбогдол өгч, анхаарал тавьдаг хүмүүсийн эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж байна.
Хүн амын хоол тэжээлийн бодисын норм хэмжээг ямар зарчимд үндэслэн тогтоодог юм бэ? Ямар хоол хүнс хүний эрүүл мэндэд гол нөлөө үзүүлдэг вэ?
Дэлхий улс орнуудад хүн амын хоол тэжээлийн бодисын хоногийн хэрэгцээг 5-10 жил тутамд шинэчлэн тогтоодог жишиг байдаг. Манай улсын хувьд хамгийн сүүлд 2008 онд шинэчилсэн. Нийгмийн хөгжил, түүнийг дагасан хүн амын амьдралын хэм хэмнэл, өөрчлөлттэй холбоотойгоор ямар ч насны хүмүүсийн эрч хүч шаардсан биеийн хүчний үйлдэл тодорхой хэмжээгээр багасч байна. Тиймээс эсрэгээрээ бид илч зарцуулалт бага шаардсан, хөдөлгөөн багатай амьдралын хэмнэлд шилжсээр байна. Хүн идэж буй хоол хүнсээр үндсэн шимт бодис (өөх тос, уураг, нүүрс ус гэх мэт), аминдэм (A, B, C гэх мэт), эрдэс (кали, нарти, кальци)-ийг авч байдаг. Үүнтэй холбоотойгоор хоол хүнсээр авбал зохих илчлэгийн хэмжээг ч багасгах шаардлага тулгарч байгаа юм. Хүн амын хоол тэжээлийн бодисын хоногийн хэрэгцээг хүн амын дийлэнх олонхийн жишигт нийцүүлэн тогтоодог. Хэрэв тухайн хүн илүү их илч зарцуулсан ажил үйл гүйцэтгэж байгаа бол жишиг норм хэмжээнээс илүү илчлэгтэй, харин бага илч зарцуулж байгаа бол бага илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байж, эрүүл, саруул байх зохицол бүрдэнэ.Манай улсын хувьд 1980-аад оноос хойш 3 дахь удаагаа хүн амын хоол тэжээлийн физиологийн нормоо шинэчилсэн. Ингэхдээ тухай бүрд илчлэгийн хэрэгцээг багасгасан байдаг. Хэрэгцээт илчлэгийн хэмжээнээс хамаарч үндсэн шимт бодисууд болон зарим аминдэмийн хэрэгцээт хэмжээг тогтоож өгдөг. Дараа нь энэ хэмжээний илчлэг, өөрөөр хэлбэл үндсэн шимт бодис, аминдэм, эрдсийг хоол тэжээлээр авахын тулд ямар хүнс, хоолыг ямар хэмжээгээр хэрэглэх ёстой вэ гэдгийг нь тооцож гаргадаг.
Тэгвэл цэцэрлэгийн хүүхдэд хэрэглэхийг зөвлөсөн хүнсний бүтээгдэхүүний хэмжээ багаслаа гэдэг нь үүнтэй холбоотой юм уу?
Тийм ээ, сүүлд шинэчилсэн норм хэмжээгээр бүх насны хүмүүсийн хэрэгцээт илчлэгийн хэмжээ 200-400 орчим ккал(килокалори)-оор багассан. Үүнтэй уялдуулж хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэглэх хэмжээ ч тодорхой хувиар буурсан байгаа. Гэхдээ л гадны зарим улс орны норм хэмжээтэй харьцуулахад илчлэгийн хэрэгцээ арай өндөр байдаг. Энэ нь хүн амын бүтэц, манай орны цаг уурын онцлог байдалтай зохицож байгаа юм. Хүн амын хоол, тэжээлийн бодисын норм хэмжээнд заасан хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний цэвэр жин гэдгийг санах ёстой. Өөрөөр хэлбэл, төмс, хүнсний ногооны хэмжээ нь арилгаж, цэвэрлээд халуун боловсруулалт хийгдсэн, ердөө л аманд орох хэмжээг нь заасан байгаа. Тэгвэл энэ заасан хэмжээг бохир жингээр нь тооцож хүнсний бүтээгдэхүүнээ авбал цэвэрлэж, халуун боловсруулалт хийсний дараах цэвэр жин нь тодорхой хувиар буурч, хүний хэрэглэх тухайн бүтээгдэхүүний хэмжээ багасна гэсэн үг шүү дээ.
“Гэртээ, цэцэрлэг, сургуульдаа” гэсэн хооллох хуваарь ч гэдэг юм уу, тийм зохицуулалт байх хэрэгтэй юу?
Хүүхдийн цэцэрлэгт байх цаг хугацаатай нь уялдуулан тэдний хоногт хэрэглэвэл зохих илчлэгийн 75-80 хувийг цэцэрлэгийн хоолноос авах шаардлагатай байдаг. Өглөөний хоолоор 20%, бага үдийн цай 10-15%, үдийн хоол 35-40%, их үдийн цай 10-15% илчлэгийг тус тус авахаар тооцсон байдаг. Харин орой гэртээ 20-25%-ийг нь хэрэглэх шаардлагатай, үүнийг оройн хоол, үдэш уух сүү, тараг зэргээс авахыг зөвлөдөг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн хэрэгцээт илчлэгийг бүрдүүлэхэд шаардлагатай бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний 80%-ийг цэцэрлэгт гэж ноогдуулах нь өрөөсгөл юм. Магадгүй мах, махан бүтээгдэхүүнийг 100% цэцэрлэгийн хоолноос авч, харин оройн хоолонд ногоо түлхүү хэрэглэж, үдэш сүү, тараг уух замаар тэдгээрийн хэрэгцээний 50-60%-ийг гэрийн хоолноосоо авч болох.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хангалттай хүнсээ авахад хүрч байна уу?
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хүрэлцээтэй юу гэдэгт миний хувьд тодорхой хариулт өгч чадахгүй. Учир нь өдөр, өдрөөр өөрчлөгдөж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ, өртөгтэй холбоотой асуудал. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны хэмжээ, үнэ өртөг хоёрыг холбож үнэлсэн судалгааны тоо баримт одоогоор алга. Мөн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардал (1650 төгрөг) нь яг зуун хувь шаардлагатай хоол, хүнсний бүтээгдэхүүнийг авахад зарцуулагдаж байгаа эсэх талаар тодорхой мэдээлэл, судалгааны тоо баримт байхгүй болохоор тодорхой зүйл хэлж чадахгүй байна.
Яагаад дээрх асуултыг асуусан бэ гэхээр, нэг хүүхдэд ноогдох хоол, хүнс авах гэхээр 1600 төгрөг яагаад ч хүрэхгүй гэдэг хүмүүс ч байдаг юм билээ.
Тийм, 1650 төгрөг бариад нэг хүүхдэд өгөх хоол, хүнсийг худалдан авахаар төсөөлөөд, энэ мөнгө яагаад ч хүрэхгүй гэж тооцоолдог хүмүүс ч байдаг юм шиг байгаа юм. Энэ тал дээр хариулт өгөхөд хүүхдийн хоолонд хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүнийг бөөний үнэ өртгөөр авдаг шүү дээ. Түүнчлэн хүүхдийн хүнсэнд шаардлагатай бүтээгдэхүүнийг авч байна уу, эсвэл янз бүрийн чихэр ихтэй, дарсан давсалсан, үнэтэй, “шаардлагагүй” бүтээгдэхүүнд зардлын тодорхой хувийг зарцуулаад байна уу гэдэг нь бас л тооцох асуудал. Хэдэн жилийн өмнө би АХБ-ны нэг төслийн хүрээнд хэд, хэдэн цэцэрлэгийн хүнсний хангалт, нийлүүлэлтийг үнэлэхэд оролцож байсан. Тэгэхэд махыг норм хэмжээнд хүргэдэггүй цэцэрлэг байгаагүй. Харин илчлэгийн хэрэгцээнээс гадна эрдэс, аминдэмийн эх үүсвэр болох сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хэрэглээ бүх цэцэрлэгт хангалтгүй, өндөгийг зөвхөн 1 цэцэрлэг хангалтгүй хэмжээгээр хэрэглэсэн, бүх цэцэрлэгүүдийн хоолонд буурцагт бүтээгдэхүүн огт ороогүй байсан жишээтэй. Хүүхдийн хүнсэнд нөөшилсөн салатууд, майонез, шокладны крем, өтгөрүүлсэн сироп, гоймон зэрэг зохисгүй бүтээгдэхүүн ихээр хэрэглэж байгаа цэцэрлэг ч байдаг. Зарим цэцэрлэгийн хүнсний тайланд ширхэгээр үнэлж авсан жигнэмэг, варень, салатууд, өтгөрүүлсэн сүү, ууттай будаа, гоймон гэх мэт бүтээгдэхүүний хэмжээ тодорхойгүй байсны улмаас тэдгээр бүтээгдэхүүний нэг хүүхдэд ноогдож буй хэмжээг тооцоолоход бэрхшээлтэй байсан.
Ярилцсан танд баярлалаа.

Сэтгэгдэл (0)