
Хятадын 20 уран барималчаас бүрдсэн баг Хятадын Коммунист намын анхны ерөнхий нарийн бичгийн дарга Мао Зедуны 120 насны ойн өмнө алт, хаш чулуугаар урласан хөшөөг толилуулсан байна. Уран бүтээлчид 100 сая юанийн үнэтэй хөшөөг найман сарын турш урласан бөгөөд уг хөшөө 32 инч буюу 81,28 см өндөр гэнэ. Хятадууд Мао Зедуныг БНХАУ-ыг үндэслэн байгуулагч гэж үздэг учраас хүндэлдэг хүмүүс олон байдаг юм. Хөшөөнд Мао Зедуныг сандал дээр хөлөө ачин сууж байгаагаар дүрсэлжээ. Алтан хөшөөг цагаан хаш суурин дээр тавьсан байна. Олон уран барималчийн хөдөлмөр шингэсэн хөшөөг Хятадын Шэньжэн хотод олон нийтэд үзүүлэхээр тавьжээ. Энэ хот нь хэдхэн жилийн хугацаанд загасчны жижигхэн тосгоноос цэцэглэн хөгжиж байгаа том хот болсон аж. Мао Зедун 1893 оны арванхоёрдугаар сарын 26- нд Хунань мужийн Шаошань гэдэг тосгонд төржээ. Мао Зедуны аав Мао Ичан ширүүн ааш араншинтай хүн байсан бол ээж нь Буддын шашин шүтдэг зөөлөн хүн байжээ. Бага залуудаа Коммунист намын гишүүн болсон Мао Зедун 1943 онд БНХАУ-ын орлогч дарга, Коммунист намын нарийн бичгийн дарга болж, 1949 оноос Хятад улсыг удирдаж эхэлжээ. Хятадын арми 1947 онд Япон улсын армийг ялсны дараа Мао Зедун эдийн засаг, нийгмийн хөгжилд анхаарлаа хандуулсан аж. Хөдөө аж ахуйн салбарт өөрчлөлт хийж, хүнд үйлдвэрийг хөгжүүлжээ. Хятадын дарга Си Жинпин Мао Зедуны 120 насны ойг тэмдэглэх үйл ажиллагааг төрөлх Хунань мужид тэмдэглэх ёслолын ажиллагаа “албан ёсны байдалтай, жирийн, олон нийтийн” шинж чанартай байхыг өнгөрсөн сард хэлсэн юм.

Ер нь Си Жинпин засгийн эрхэнд гарснаасаа хойш дарга нарыг элбэг хангалуун хүлээн авалт хийхийг болиулжээ. Хятадын “Global Times” сонинд “Хамгийн эрхэм хүндэт Мао дарга” гэсэн нэртэй Мао Зедуны 120 насны баяр ёслолын арга хэмжээг Цагаан хэрмийн дэргэд зохион байгуулах байснаа больж, “Шинэ жилийн гала” баяр хийхээр болсон тухай мэдээлсэн байна. Хятад улсыг 33 жил удирдсан Мао Зедуныг шүүмжлэх хүн олон байдаг ч магтан сайшаах хүмүүс байдаг гэнэ. “Соёлын хувьсгал”-ын үед 20 хүртэл сая хүн амиа алдсан, нийгэм нь хэт улс төржсөн гээд түүний гаргасан алдаа олон ажээ. Гэхдээ 1949 онд Мао Зедун Хятадыг удирдаж эхлэх үед тус улс бага хөгжилтэй, авлигад идэгдсэн, хөдөө аж ахуйн хоцрогдсон орон байсан. Цөөхөн жилийн дотор Хятадын хүн амын 80 хүртэл хувь нь бичиг үсэгт тайлагдсан, аж үйлдвэрлэлийн бүтээг дэхүүн 10 гаруй хувиар өссөн, хүн ам нь хоёр дахин нэмэгдсэн, атомын зэвсэгтэй хүчирхэг улс болжээ. Энэ амжилтын дараа маоизм гэх онолыг дэлхийн зарим улсад хэрэгжүүлсэн аж. Өмнө нь Хятадын төв телевизээр Мао Зедуныг шүүмжилсэн 100 ангитай кино гардаг байсан бол энэ онд гарахгүй болсон тухай “Global Times” сонинд мэдээлсэн байна. Харин Мао Зедун 120 насны ойн баярыг тохиолдуулан Хятадын армийн удирдагчдын тухай кино гарах болсон гэнэ. Түүнээс гадна Коммунист намын удирдлагууд Мао сэдэвтэй ямар ч үйл ажиллагаа зохиохгүй байхыг хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)