Каддафийн отгон хүү амьд
- 2011-11-23
- Дэлхий
- 0
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн отгон хүүхэд одоог хүртэл амьд
байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалж “Синьхуа”
агентлагт мэдээлэв.
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн отгон хүүхэд одоог хүртэл амьд байгаа гэж тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалж “Синьхуа” агентлагт мэдээлэв. Хурандаа Каддафи найман хүүхэдтэй бөгөөд долоо нь хүү. Түүний тав дахь хүүхэд Айша хэмээх охин бөгөөд Айшагийн доод талын гурван эрэгтэй амь үрэгдсэн гэж Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөл мэдэгдээд байсан юм. Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Каддафийн отгон хүүхэд, долоо дахь хүү Хамис өнгөрөгч наймдугаар сарын 29-нд амь үрэгдсэн. Хамис Каддафи “Хамис Бригад” хэмээх цэргийн элит ангийн командлагч бөгөөд нийслэл Триполи хотоос зүүн өмнө зүгт 90 км-ийн зайд орших Тархуна хотод Үндэсний шилжилтийн зөвлөлийн дайчидтай тулалдах үеэр амь үрэгдсэн гэж олон улс үзэж байсан. Ливийн Батлан хамгаалах яамны нэрээ хэлэхийг хүсээгүй өндөр албан тушаалтны хэлснээр, дарангуйлагч Каддафийн хоёр дахь хүү Саиф аль-Ислам Хамисыг амьд байгаа гэж мэдүүлсэн гэв. М.Каддафийн залгамжлагч гэгдэж байсан Аль-Исламын мэдүүлснээр отгон дүү нь одоог хүртэл Тархуна хотод орогнож байгаа аж. Аль-Ислам өнгөрөгч бямба гаригт Ливийн өмнө зүгийн Себха хотоос баригдсан юм. Үүнээс нэг өдрийн дараа Каддафийн дэглэмийн үеийн өөр нэг чухал хүн болох тагнуулын газрын дарга Абдулла аль-Сенусси баригдсан билээ. Аль-Исламын мэдүүлгээс өмнө Каддафийг дэмжигч Сирийн “Аррай” телевиз Хамисын “цогцсыг” харуулсны дараа түүнийг нас барсанд тооцож, үүнийгээ олон удаа зарласан. Харин уг цогцос өдгөө 28 настай, генерал Хамистай адилхан түүний цэргүүдийн нэг байсан аж.www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)