“А.Меркелийг залгамжлагч” улс төрч Германы Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайдтай боллоо

Герман улсад парламентийн сонгууль өнгөрсөн есдүгээр сард болсон ч тус улсын Засгийн газар Зул сарын өмнө бүтцийн өөрчлөлт хийж байна. Ангела Меркелийн нам улс төрийн сөрөг хүчин болох Социал ардчилсан нам, Христианы ардчилсан нам болон Христианы холбоо гэх барууны үзэл баримтлалтай намуудтай эвслийн Засгийн газар байгуулахаар болсон. Социал ардчилсан болон Христианы ардчилсан намын гишүүд өнгөрсөн ням гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, шинээр томилогдсон сайд нарынхаа нэрсийг зарлалаа. Сөрөг хүчнээс зургаан сайд томилогдож байгаа бөгөөд тэдний нэг нь өдгөө 55 настай улстөрч эмэгтэй Урсула фон дер Ляйен юм. Германчууд Урсула фон дер Ляйенийг “Ангела Меркелийг залгамжлагч” хэмээн нэрлэдэг гэнэ. Улстөрч эмэгтэй өмнө нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан. Ангела Меркель Берлин хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр “Урсула фон дер Ляйен нийгмийн асуудлын зэрэгцээ олон улсын нөхцөл байдлыг үргэлж сонирхдог. Би түүнийг Германы Батлан хамгаалахын сайдаар ажиллаж чадна гэж бодож байна. Түүнийг энэ ажлыг сайн хийж чадна гэж итгэж байна” гэж хэллээ. Энэ талаар Пассау хотын Их сургуулийн улс төр судлаач Хейнрих Оберреутер “Энэ бол Урсула фон дер Ляйений карьерийг дэмжиж байгаа маш чухал шийдвэр. Тэрчлэн түүнийг чадварлаг залгамжлагчдын хүрээнд оруулж байна гэсэн үг” хэмээн дүгнэсэн аж. Урсула фон дер Ляйений аав нь Христианы ардчилсан намын нэртэй улстөрч, Европын комиссын ажилтан бөгөөд удаан хугацаанд Доод Саксоны Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Улстөрч эмэгтэйн өвөг дээдэс нь Бремен хотын даавууны худалдаачин Барон Людвиг Кнуп юм. Тэд XIX зууны үеийн хамгийн амжилттай худалдаачдын нэг байсан гэнэ. Урсула фон дер Ляйен 42 настайдаа улс төрд оржээ. Тэрбээр эдийн засгийн чиглэлээр суралцаж байснаа орхиод Хановерийн Анагаахын сургуулийг төгссөн анагаах ухааны доктор зэрэгтэй аж. Улстөрч эмэгтэй 1990 онд Христианы ардчилсан намд элсч, 1999 оноос эхлэн улс төрд идэвхтэй оролцох болсон байна. Урсула фон дер Ляйен 2003 онд Доод Саксоны парламентын гишүүнээр сонгогдож, 2005 онд Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудал хариуцсан Холбооны сайдаар томилогджээ. Сайд эмэгтэй 2009 оны парламентийн сонгуулиар Бундестагийн гишүүнээр сонгогдсон бөгөөд 2009 оноос Хөдөлмөр, нийгмийн сайдаар ажиллаж эхэлсэн аж. Урсула фон дер Ляйений нөхөр нь анагаах ухааны профессор Хейко фон дер Ляйен бөгөөд тэд долоон хүүхэдтэй юм байна. Шинэ сайд Урсула фон дер Ляйенд батлан хамгаалахын салбарт хийх ажил их байгаа гэнэ. Одоо цэргийн алба хааж байгаа 184 мянган цэрэг эрсийг гадаадад энхийг сахиулах ажилд оролцуулах ажлыг зохион байгуулахаас гадна Афганистанд байгаа 3400 цэргийг ирэх 2014 оны сүүлч гэхэд татаж дуусгах гэнэ. Хамгийн гол нь эмэгтэй сайдаас өмнө ажиллаж байсан Батлан хамгаалахын сайд нар асуудал гаргаж байсан учраас энэ салбарын нэр хүнд унаад байгаа юм. А.Меркелийн намын Томас де Мезьер Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 500 сая еврогийн үргүй зардал гаргажээ. Түүний өмнө ажиллаж байсан сайд Карл Теодор цу Гуттенберг ажлаа аваад 17 сарын дараа огцорсон юм. Тэрбээр докторын зэрэг хамгаалахдаа бусдын ажлаас хуулбарласан учраас огцрохоо мэдэгджээ. Урсула фон дер Ляйен Батлан хамгаалахын сайдын ажлаа мягмар гаригт авч байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)