16 настай тамирчин олимпод оролцох батламжаа гардлаа
- 2011-11-23
- Спорт
- 0
Олон улсын олимпийн хорооны санаачлагаар өсвөрийн анхдугаар наадмыг
Австрийн Инсбрук хотноо ирэх онд зохион байгуулахаар болсон.

Д.ИЧИНХОРЛОО: ХӨДӨЛМӨРЧ ЗҮТГЭЛТЭЙ ХҮҮХЭД БОЛОХООР ОЛИМПОД АМЖИЛТ ГАРГАНА
Д.Өсөхбаярын дасгалжуулагч багш Д.Ичинхорлоотой ярилцлаа
-Дасгалжуулагчаар хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?-Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Мөн аймгийн өсвөрийн цанын шигшээ багийн дасгалжуулагчаар 10 дахь жилдээ ажиллаж цана, хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхийн төлөө хичээж явна. Бидний шургуу хөдөлмөрийн үрээр дасгалжуулсан хүүхдүүд маань түрүүчээсээ тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон. Одоо Д.Өсөхбаяр маань ирэх онд зохиогдох залуучуудын олимпийн анхдугаар наадамд оролцохоор боллоо.
-Д.Өсөхбаяр Таны гарын шавь уу?
-Миний гарын шавь. 12 наснаасаа цанаар хичээллэсэн. Тамирчны хувьд их хөдөлмөрч, зүтгэлтэй болохоор залуучуудын олимпод амжилт гаргана гэж найдаж байгаа.
-Борнуурт цанын бэлтгэл хийхэд хүндрэл гардаг уу?
-Бэлтгэл сургуулилт хийх боломжтой. Цас ороогүй үед уулын бэлтгэл хийж, кросст гүйнэ. Харин техник дутмаг байдаг. 15 хүүхдээ хамтад нь гаргаад бэлтгэл хийлгэж болдоггүй. Таван цанын хэрэгсэлтэй болохоор хүүхдүүдээ хэсэгт хувааж бэлтгэл хийлгэдэг. Бэлтгэл хийлгэж байгаа дасгалжуулагчийн хувьд ч хэцүү байдаг.
-Австри манай улсаас цаг агаарын хувьд өөр. Олимп болохоос өмнө наадам зохион байгуулах газарт очиж бэлтгэл хийх үү?
-Олимп болохоос өмнө очих боломж гарахгүй байх. Гэхдээ бид хамтарч ажилладаг багш нартайгаа ярилцаж, мөн тухайн улс далайн түвшнээс дээш хэдэн метрийн өндөрт байдаг зэргийг нь судалж бэлтгэлээ хийнэ. Өндөрлөг байдалтай нь харьцуулж уулын өндөрлөг газар бэлтгэл хийхээр төлөвлөсөн.
-Гүйлтийн цана бусад төрлөөсөө юугаараа ялгаатай вэ?
-Тэшилтийн болон гүйлтийн гэсэн хоёр төрөл байдаг. Гүйлтийн төрлийн тэмцээн шулуун замд явагддаг бол тэшилтийн техник нь 3-5 метрийн тусгайлан бэлтгэсэн зам дээр өрсөлддөг. Өөрөөр хэлбэл, энэ хоёр төрөлд өөр материал дээр уралддаг юм.
-Д.Өсөхбаярын бэлтгэлийг ямар аргаар хийе гэж бодож байна вэ?
Д.Өсөхбаярын тэшүүрийн бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Одоо хурдыг нь сайжруулах тал дээр бэлтгэлээ хийнэ. Хурдны давтамжийг сайн бэлтгэх ёстой. Тэгвэл амжилт гаргах бүрэн боломжтой.
-Спортын энэ төрлөөр эмэгтэйчүүд хичээллэдэг үү?
-Миний бэлтгэсэн шавь нарын дийлэнх нь эмэгтэй. Миний шавь нараас Казахстанд болсон тэмцээнд оролцож медаль хүртсэн эмэгтэй тамирчид бий. Ер нь амжилт гаргасан эмэгтэй тамирчдын эхний тав нь миний шавь нар.
-Цанын спортыг хөгжүүлэхэд ямар ажил хийх шаардлагатай байна вэ?
-Сүүлийн үед ерөнхий боловсролын дунд сургуулийн хүүхдүүд цанын спортоор хичээллэх болсон. БТСГ, Цанын холбоо энэ спортын төрлийг хөгжүүлэх талаар олон ажил хийхээр төлөвлөсөн. Үүний эхлэл болгож эхний ээлжинд цанын хэрэгслүүд оруулж ирэхээр болоод байна.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)