М.Ходорковский маргааш Берлинд хэвлэлийн хурал зарлажээ

Оросын шинжээчид нэгэнтээ “Михаил Ходорковский В.Путиныг засгийн эрхэнд байхад хэзээ ч суллагдахгүй” хэмээн баталж байсан ч тэрээр В.Путины өршөөлөөс суллагдсан мэдээлэл дэлхийн өнцөг булан бүрт тархаж байна. Түүгээр ч зогсохгүй, М.Ходорковский маргааш буюу арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Герман улсад хэвлэлийн хурал зарлажээ гэсэн мэдээллийг “Америкийн дуу хоолой” радио станц мэдээлжээ. Мөн тус мэдээлэлд дурдахдаа “Өчигдөр орой “ЮКОС”-ын экс тэргүүн Берлинд ирсэн бөгөөд Германы Гадаад хэргийн сайд асан Ганс-Дитрих Геншер угтан авчээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр, бизнесмен эрийг суллагдахад Германы улстөрч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бололтой. Түүний илгээсэн онгоцоор М.Ходорковский Берлинд ирсэн бөгөөд "Адлон" хэмээх тансаг буудалд бууж олон арван сэтгүүлчдээр хүрээлүүлж  байна. Бизнесмен эр өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ уулзах бололтой. Дашрамд дурдахад, “ЮКОС” корпорацийн экс тэргүүн Михаил Ходорковский залилан, татвараас бултсан, бохир мөнгө угаасан хэргээр яллагдаад байсан бөгөөд өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин түүнд өршөөл үзүүлэх тогтоолд гарын үсэг зурснаар суллагдсан аж” гэсэн мэдээлэл байна.

Тодотговол, ОХУ-д Үндсэн хуулийн 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Өршөөлийн хууль баталсныг Төрийн Думын хууль эрх зүйн алба мэдээлсэн билээ. Өршөөлийн хуульд “ЮКОС”-ын ерөнхий захирал асан Михаил Ходорковский хамрагдсан бөгөөд түүнийг уучилсан аж. “ЮКОС” компанийг үндэслэгч, тэрбумтан Михаил Ходорковский авлига, мөнгө угаасан хэргийн улмаас 2003-2016 он хүртэл шоронд хоригдох ял сонссон билээ. Гэвч түүний ялыг хөнгөлж 2014 оны наймдугаар сар болгосон. Жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлаар буюу өчигдөр В.Путин “Өмнө нь би Ходорковскийгоос ямар нэгэн хүсэлт хүлээж авч байгаагүй. Саяхан харин Ходорковский ээж нь өвчтэй байгаа тул хүмүүнлэгийн үүднээс өршөөл үзүүлээч гэсэн хүсэлт илгээсэн байсан. Ходорковский 10 гаруй жил хоригдсон тодорхой хэмжээгээр ялаа эдэлсэн учир  Ходорковскийд өршөөл үзүүлэх зарлиг гаргаж, гарын үсэг зурах болно” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс түүнийг өршөөсөн тухай зарлигт “Хүнлэг энэрэнгүй сэтгэлийн үүднээс өршөөл үзүүлж, шийдвэрлэх нь: Москва хотын уугуул 1963 онд төрсөн Михаил Ходорковскийг цаашид эдлэх ялаас нь чөлөөлж байна. Тогтоол гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно” гэж заажээ. Харин түүний ээж энэ баяртай мэдээ үнэн эсэхэд одоог хүртэл итгэж чадахгүй байгаа тухай ч Оросын мэдээллийн хэрэгслүүд дурджээ. Михаил Ходорковский 2003 онд хоригдсон бөгөөд ялын хугацаа нь 2014 оны наймдугаар сарын 25-нд дуусах ёстой байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө суллагдлаа.

А.Гал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.88.10)

    2013-12-25

    62. TMG