
АНУ-ын Пентагоны судалгааны нэгж “DARPA”-гаас өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулсан роботын тэмцээнд японы багийн зохион бүтээсэн “Schaft” робот тэргүүлжээ. “Google” компанийн нэр дээр тэмцээнд оролцсон японы багийн “Schaft” робот тэмцээний найман төрлийн аврах даалгаварт хамгийн өндөр буюу 27 оноо авч, бусдыгаа тэргүүлсэн байна. Энэ робот 1.4 метрийн өндөртэй бөгөөд хаана ч чөлөөтэй хөдөлдөг байна. Майамийн ойролцоо зохион байгуулсан Пентагоны тэмцээнд нийт 15 баг оролцсоноос гурвынх нь робот ямар ч даалгаврыг гүйцэтгэж чадалгүй бүтэлгүйтжээ. Пентагоны судалгааны нэгжийн албаныхны зүгээс роботын тэмцээнээр дамжуулан 2011 оны Фукушимагийн АЦС-д болсон цөмийн осол гэх мэт хүн ажиллахад аюултай нөхцөл байдалд аврах ажиллагаа явуулах боломжит роботыг хөгжүүлэхийг зорьсон байна. Энэхүү тэмцээнд анх 100 гаруй баг бүртгүүлсэн байснаас Пентагоны судалгааны нэгж 17-г нь сонгон шалгаруулсан аж. Тэмцээнээс шилдэг наймд шалгарсан багууд цаашид “DARPA”-гийн санал болгож буй нэг сая ам.долларын хөрөнгө оруулалтын төлөө эцсийн байдлаар роботынхоо чадамжийг сайжруулах ёстой гэнэ. Тэмцээний төгсгөлийн шатны ялагч нь хоёр сая ам.доллараар шагнуулах юм байна.
Сэтгэгдэл (0)