В.Путин аюулгүй байдлыг хамгаалах нэмэлт арга хэмжээ авахыг анхааруулав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Их найм”-ын орнуудын удирдагчдад хандан уриалга гаргажээ. Тэрбээр дэлхий дахины өмнө тулгарч байгаа эрсдэл, түрэмгийллийн эсрэг цогц арга хэмжээ авахыг уриалсан аж. Цогц арга хэмжээ авахын тулд аль нэг улс орон, бүс нутагт биш харин дэлхийн хэмжээнд ажиллах хэрэгтэйг тэмдэглэсэн байна.

ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн XXII дахь наадам эхлэхэд сар гаруй хугацаа үлдээд байна. АНУ-ын хэвлэл мэдээллээр өнгөрсөн онд “Имарата Кавказ” террорист бүлгийн толгойлогч Доку Умаров Сочийн олимпийн наадам болох зарим объектод халдана гэж мэдэгдсэн тухай мэдээлсэн юм. Түүнчлэн Доку Умаров өвлийн олимпийн үеэр халдлага хийхээр өөрийн холбоотнуудаа өнгөрсөн оны долдугаар сард Орос руу дуудсан тухайгаа хэлсэн видео бичлэгийг нэг сайтад тавьжээ. Харин өнгөрсөн ням гаригт болон даваа гаригийн өглөө Волгоград хотод дараалсан халдлагаар 34 хүн амиа алдсан нь дэлхий нийтийг цочирдуулсан явдал боллоо. Амиа золиослогч террористууд оргил цагийн үеэр вокзалын ойролцоо троллейбусанд бөмбөг дэлбэлсэн бөгөөд Волгоград хотод сүүлийн гурван сард гурван удаа халдлага гарч байгаа юм. Шинэ он гарахын өмнө амиа алдсан хүмүүсийг оршуулжээ. Цагдаа нар амиа золиослогч 10 кг тротил бүхий тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэж дэлбэрэлтийн хүчийг тооцоолсон гэнэ. Дэлбэрэлтээр 143 хүн гэмтэж бэртсэнээс 93 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Волгоградск мужийн захирагч Сергей Баженов өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наас энэ оны нэгдүгээр сарын 3-ныг хүртэл тав хоногийн гашуудал зарлаад байна. Ямар ч террорист бүлэг дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээгээгүй аж. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт Волгоград хотод очиж, халдлагад амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэсэн аж. Тэрбээр мөн эмнэлэгт очиж, гэмтэж бэртсэн хүмүүстэй уулзжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч “Энгийн иргэд, тэр тусмаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдэд өршөөл байхгүй” гэв. Волгоград хотод лхагва гаригт болсон терроризмтэй тэмцэх зөвлөгөөний үеэр В.Путин Холбооны аюулгүй байдлын товчоо, Дотоод хэргийн яамны удирдлагуудтай ярилцаж, ОХУ- ын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг хамгаалах нэмэлт арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Түүнчлэн ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путин “Их найм”- ын орнуудын удирдагчдад хандан уриалга гаргажээ. Тэрбээр дэлхий дахины өмнө тулгарч байгаа эрсдэл, түрэмгийллийн эсрэг цогц арга хэмжээ авахыг уриалсан аж. Цогц арга хэмжээ авахын тулд аль нэг улс орон, бүс нутагт биш харин дэлхийн хэмжээнд ажиллах хэрэгтэйг тэмдэглэсэн байна. Мөн ирэх зургадугаар сарын 4-5-нд Сочи хотноо болох “Их найм”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэхээ В.Путин хэлжээ. Оросын олимпийн хорооны тэргүүн Александр Жуков хэлэхдээ Волгоград хотод террорист халдлагатай холбоотойгоор Сочийн олимпийн наадмын хамгаалалтад нэмэлт хүч ажиллахгүй гэжээ. Александр Жуков “Сочийн олимпийн наадмын үеийн хамгаалалтыг хэдийнэ төлөвлөсөн. Түүхэнд анх удаа олимпийг хөгжөөн дэмжигчдэд зориулан тусгай үнэмлэх гаргасан бөгөөд хөгжөөн дэмжигч бүр тусгай регистрийн дугаартай болно” гэж хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр ОУОХ- оос Оросын засаг захиргаа олимпийн наадмын аюулгүй байдлыг хангаж чадна гэж мэдэгдсэн талаар онцолсон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)