
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд асан, Калифорнийн их сургуулийн ерөн хийлөгч Жанет Наполитано NBC телевизэд өнгөрсөн ням гарагт ярилцлага өгсөн байна. Улстөрч эмэгтэй NBC телевизийн сэтгүүлч Дэвид Грегорийн “Хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах” нэртэй ярилцлагын зочин болжээ. Тэрбээр АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденд ямар ч өршөөл үзүүлэх боломжгүй гэдэгт итгэлтэй байгаагаа ярилаа. Жанет Наполитано “Эдвард Сноуден хууль зөрчиж, их хэмжээний хохирол учруулсан гэж би бодож байна. Бид түүний учруулсан хохирлыг өнөө үед төдийгүй хэдэн жилийн турш амсана. Би түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа учраас өршөөл үзүүлэх талаархи бичиг баримтыг ширээн дээрээ ч тавихгүй. Тэр их хэмжээнийг мэдээллийг задруулсан” хэмээн хэлжээ. Түүнчлэн өөрийг нь Үндэсний аюулгүй байдлын сайдаар ажиллаж байхад Ерөнхийлөгч Б.Обама “хувийн нууц”, “хувийн нууцын үнэ цэнэ” болон аюулгүй байдлын хоорондын тэнцвэрийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэдгийг хэлж байсан тухай дурдлаа. Жанет Наполитаногийн үзэж байгаагаар “хувийн нууцын үнэ цэнэ” болон аюулгүй байдал хоёрын аль аль нь чухал гэнэ. Сэтгүүлч Дэвид Грегорийн “Хэрвээ Эдвард Сноуден засаг захиргаанд өөрт байгаа нууц материалуудаа өгөөд өөрийг нь цагаатгах хүсэлт гаргавал яах вэ” гэсэн асуултад Үндэсний аюулгүй байдлын сайд асан “Түүний баталж байгаагаар ямар мэдээлэл түүнд бий гэдгийг сайтар мэдэх хэрэгтэй. Гэхдээ түүнд өршөөл үзүүлэх боломжгүй” гэж ярьсан байна. Түүнчлэн Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Рэнд Пол ABC телевизэд өгсөн ярилцлагадаа хэрвээ ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден эх орондоо ирдэг юм бол түүнд хорих ял оноох хэрэгтэй хэмээн хэлсэн аж. Сенатч Рэнд Пол “Эдвард Сноуден бүх насаар нь хорих ял юм уу ялын дээд хэмжээ авахаар гэмт хэрэг үйлдсэн. Тиймээс тэр үүнийг мэдээд зугтаасан гэж бодож байна. Сноуденийг эх оронд нь авчрах юм бол шударга шүүхээр тохирсон ял оноох нь зүй ёсны хэрэг” гэж ярьжээ. Улстөрчийн бодлоор бол Сноуден эх орондоо хэдэн жилийн дараа ирэх бөгөөд түүнийг шоронд хорих ёстой аж. Гэхдээ Рэнд Полийн үзэж байгаагаар Сноудений задруулсан материал нь Засгийн газрын хууль бус ажиллагааг гэрчилсэн юм байна. Тийм учраас сенатч Рэнд Пол Засгийн газрын цахим шууданг хянах хяналтын тухай хуулийн төслийг санаачлагчдын нэг нь болжээ. Түүнээс гадна сенатч Засгийн газрын эсрэг олон нийтийн зарга мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Засаг захиргаа террорист үйл ажиллагаанд сэжиглэгдсэн хүмүүсийн утасны яриаг чагнаж болохоос биш иргэдийн утасны яриаг чагнах ёсгүй юм. Өөрсдийнх нь утасны яриаг чагнасан гэж үзэж байгаа олон мянган иргэн шүүхэд мэдүүлэх заргад нэгдэж болох гэнэ. Дэлхий дахинд шуугиан тарьсан Эдвард Сноуден Үндэсний аюулгүй байдлын агент- лагийн мэдээллийг задруулсны дараа өнгөрсөн оны тавдугаар сард АНУ-аас Хонконг руу нисчээ. Хонконгт байхдаа тэрбээр Исландаас улс төрийн орогнол хүссэн аж. Хонконгоос Москвагаар дамжин өнгөрөөд Гавана орох нислэгээр Шереметьево олон улсын нисэх буудалд буусан Сноуденийг онгоцонд явсан зарим зорчигч таньсан байна. Харин АНУ-ын ТТГ-ын ажилтан асан залуу Москва-Гавана чиглэлийн нислэгээр ниссэнгүй, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн. ОХУ-аас түүнд түр хугацааны орогнол олгосон бөгөөд Эдвард Сноуден одоо Орост амьдарч байгаа юм. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Ричард Лежетт Эдвард Сноудений задруулсан мэдээллийг шалгажээ. Задруулсан мэдээлэл нь Сноудений авсан хэдэн мянган мэдээллийн өчүүхэн хэсэг гэнэ. Ричард Лежетт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Америкийн тагнуулын мэдээллийг задруулахгүй байх юм бол Сноуденийг өршөөхөд бэлэн” гэж хэлсэн аж. Гэвч Б.Обамагийн засаг захиргаа Сноуденийг АНУ-ын шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн байр сууриа өөрчлөхгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)