АНУ-ын Холбооны нөөцийн банкийг анх удаа эмэгтэй ерөнхийлөгч удирдана
- 2014-01-08
- Дэлхий
- 0
Сенатын гишүүдийн дэмжлэгийг хүлээж, АНУ- ын Холбооны нөөцийн банкны 15 дахь тэргүүнээр Жанет Йеллен томилогдлоо. 100 жилийн түүхтэй тус банкийг анх удаа эмэгтэй хүн удирдахаар болж байгаа ажээ. Йеллений томилгоог Сенатын гишүүд 56/26 гэсэн сана- лын харьцаатайгаар баталжээ. АНУ-ын Холбооны нөөцийн банкны одоогийн тэргүүн Бен Бернанкегийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 31-нд дуусгавар болсноор Жанет Йеллен ажлаа албан ёсоор хүлээж авах юм. Бен Бернанке 2006 оноос хойш энэ байгууллагыг удирдаж байгаа бөгөөд Жанет Йеллен түүний орлогч буюу “баруун гар” нь байжээ. Жанет Йелленийг энэхүү өндөр албан тушаалд Барак Обама санал болгосон бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох юм байна. Обама сенатын гишүүдийн шийдвэрт баяр хүргээд, “Йеллен эдийн засгийн болон санхүүгийн бодлогын эцсийн зорилго нь америкчуудын ажил, амьдралын нөхцлийг сайжруулах явдал гэдгийг маш сайн ойлгож байгаа. Тэр бол Америкийн хамгийн шилдэг эдийн засагчдын нэг” хэмээжээ. Дашрамд дурдахад, Жанет Йеллен 67 настай ба еврей гаралтай, иудын шашинтан юм. Тэрбээр эдийн засгийн ухааны доктор, түүний нөхөр Жорж Акерлоф мөн эдийн засагч бөгөөд 2001 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал хүртэж байв. АНУ-ын Холбооны нөөцийн банкны хувьд эдийн засгаа дэмжих зорилгоор сар бүр бонд худалдан авахад зарцуулж буй мөнгөнийхөө хэмжээг энэ сараас эхлэн 10 тэрбум ам.доллараар бууруулахаар болоод байгаа юм. Цаашлаад энэ ондоо багтаан бондын хөтөлбөрийг өндөрлүүлж магадгүй байгаа ажээ. Бодлогын хүүг хамгийн доод хэмжээнд барьж, бонд худалдан авах хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн Бен Бернанкегийн бодлого, үйл ажиллагааг одоогоор Холбооны нөөцийн банкны дэд тэргүүний албыг хашиж байгаа Жанет Йеллен дэмжсээр ирсэн юм. Бондын хөтөлбөрийн дүнд АНУ-ын Холбооны нөөцийн банкны тайлан тэнцэл 4.02 их наяд ам.долларт хүрчээ. Жанет Йеллен өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14- нд Конгрессийн гишүүдийн асуултад хариулах үедээ “Эдийн засаг хангалттай сэргэх хүртэл бонд худалдан авах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн юм. Жанет Йелленийг дэмжээгүй гишүүд мөн өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэд Жанет Йеллен Бен Барнанкегийн бодлогыг дэмждэгийг дурдаад, энэ бодлого нь зах зээлийн үнийг хөөрөгдөж, эсвэл инфляцийг өсгөж магадгүй хэмээжээ. Холбооны нөөцийн банкнаас мэдээлснээр, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-д хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Харин Холбооны нөөцийн банк өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин долоон хувь буюу сүүлийн таван жилийн хамгийн доод хэмжээндээ хүрснийг онцолж, бонд хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн хэмээн мэдээлж байгаа юм.Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (0)